Зөвлөгөө

ЭГЭЛГҮЙ ХҮЧТЭЙ ЭРС БУЮУ БААВГАЙТАЙ УЧИРСАН ХҮЧТЭНҮҮД – Шэйрлээд аваарай

НЭГ. Хүдэр даян аварга Д.Гомбожав: Хуучин Сэцэн хан аймгийн Минж засгийн хошууны бөх, олонд “Хүдэр даян аварга” гэж алдаршсан Должингийн Гомбожав 18-19 настайдаа бяр амтагдаж, барилдах хорхой нь гозгонож явах үедээ нутгийн бөхчүүдтэй Даншиг наадамд очиж барилдахаар нутгаас гарч дээ. Цаадуул нь замдаа айл хэсэж, адуу малтай ноцолдож, айраг тараг ууцгаан хааяа хоорондоо барилдан бэлтгэл хийгээд их л аажуу явцгаах юм гэнэ. Тэр том наадамд анх зодоглож үзэх гэж догдолж явсан Гомбожав хүү яарч адган тэднээсээ салан баруун зүгт л гэхээс өөрийг бараг мэдэхгүй явсаар Хан Хэнтий уулын их хөвчид орчихжээ.

Төөрч будилсан хүү оройхон хэрд нэгэн хот айлд ирж хоол унд болж “гэдэс гараад” шөнийн сэрүүнд газар дөхөхөөр болж айлын хүмүүсээр явах чигээ заалгахад ”Тэр баруун урд модтой уулын энгэрээр явбал дээр байх. Уг нь араар нь бүдэг зам бий л дээ. Түүгээр явбал арай дөт ч хүн барьдаг айхавтар баавгай замд байдаг болохоор нутгийнхан зүглэхээ больсон юм” гэж хэлжээ. Гомбожав мориндоо мордоод-Тэр баавгай гэдэг амьтан чинь нас гvйцсэн шар үхрээс биеэр хэр юм бэ? гэж лавлан “тийм их томгүй” гэхийг сонсоод аян замдаа гарчээ.

Гомбожав аль замаар нь явъя даа гэж бодож байснаа бяр чадалдаа эрдэн “Яадгийм! Тэр баавгай гэгч нь тааралдвал “барилдаад үзье хө! Арай дөт гээ биз” гэж шийдээд арын замыг сонгон явав. Модон дундуур сүлжин нилээд явтал унаж яваа морь нь хамраа тачигнуулан хулмалзаад урагш явахаа болиход мань эр мориноосоо бууж хөтлөөд явган явж эхэлжээ. Гэнэт модны мөчир гишүү хугаран үдшийн бүрэнхийд өөдөөс нь нэг бараан юм үсрээд ирэх шиг болж. Гомбожав хүүгийн сэтгэлд “-баавгай” гэсэн бодол сэрхийн урдаас нь ухасхийн хоёр чихнээс нь базаад авч дээ.

Ойн хүрэн баавгай ч муухай орилон хойт хоёр хөл дээрээ босоод ирж. Гомбожав ч байдаг чадлаараа гараа угз татан доош дараад авч гэнэ. Тэгээд баавгай ч толгойгоо өндийлгөх гэхээр хүчлэн дугтарч хоншоороор нь газарт мөргүүлсээр хичнээн удсан байна. Нүдээ аньж, шүдээ зуугаад л “мөргүүлээд” байж. Сүүлдээ гарын нь шуу хорсоод, чийг даагаад янгинаад тэсэхийн арга алга гэнэ. Баавгайн толгой ч суларсаар өндийхээ болих шиг болж. Удалгүй ойн хүчит хүрэн “бөх” газарт харуулдан унаад хөдлөхөө болиход сая л сэхээ авсан Гомбожав хоёр гараа тэмтэрч үзвэл арьс нь урагдаж шамран цус нөжтэйгээ холилдоод хачин болсон байжээ.

 

Тэгээд л цус алдан ухаан балартсан хүн ирсэн замаа багцаалан буцаж явсаар нөгөө айлынхаа үүдэнд ирж хаалгыг нь угз татан ороход гэрийн хүмүүс “нөгөө зөрүүд залуу л айхавтар араатан баавгайн уурыг хүргэж бариулаад нөгөө амьтан нь түүний мөрөөр ирж биднийг сүйдлэх нь” гэж үхтэлээ айсан гэдэг. Сүүлдээ баавгай биш, даншигт барилдахаар яваа нөгөө залуу болохыг мэдэж болсон явдлыг сонсоод маргааш нь хот айлын хэдэн хүн хоёр хүчтэний “барилдсан” газрыг очиж үзэхэд хавь орчны зөөлөн хөрстэй чийглэг газар онгилогдон халцарч бөх хүүгийн баавгайн толгойг газар мөргүүлж шигтгэсээр толгойг далд орохоор гүн нүх хонхор гаргачихсан, үхсэн баавгайн хоншоор эрүү шанааны арьс мах арагш хуйлран яс нь гарчихсан байсан гэдэг.

Тэгээд ч өөрөө тэнхээ мэдэн тэмцэлдэж байхдаа хоёр гарынхаа ар шууг нүхний ирмэг, шороо чулуунд урж гэмтээснийг ойлгон “Баавгайнаас хүчтэй хүн байх нь ээ” хэмээн гайхацгаасан гэнэ. Тэгээд хавь ойрдоо гай болж айдас төрүүлсэн хөвчийн хүрэн баавгайн аюулаас салгаж өгсөн Гомбожавын гарыг эм тан, өвс ургамлаар эмчлэн эдгээсэн ажээ. Гомбожав нутагтаа цохилуур алдан улангассан бүдүүн шар үхрийн хоёр эврээс шүүрч аваад хүзүүг нь хуга мушгин бяр чадлаа гайхуулж, Сан бэйсийн хошуу наадамд даншиг, арван засгийн наадмын цолтой олон бөхийг цувуулан унагаж түрүүлээд байсан үе болохоор баавгайг бүдүүн шар үхрээс томгүйг сонсоод зориуд хүч vзэх гэж аюултай замыг сонгосон хэрэг хэмээн зарим судлаачид үздэг юм билээ. Ортой ч байх аа.

Сэцэн хан аймгийн зүүн бие” Санбэйсийн бөхийн сорилгоос тодорсон олон сайчуудын нэг Хүдэр даян аварга хэмээх Д.Гомбожав 1816 оны даншигт шонхор цолтой зодоглон найм давж, энэ наадамд 11 давж түрүүлсэн нэг нутгийн бөх Жамьян арсланд унасан байх юм. 1837 оны даншигт арслан цолтой барилдаж зургаа давсан ба 1838, 1841 оны даншигт хоёуланд нь арав давж Сэцэн хан аймгийн Бишрэлт гүний Рэнцэн аваргад унаж үзүүрлэсэн байна.

Д.Гомбожав 1857 оны даншигт Сэцэн хан аймгийн Г.Өсөхбаяр аваргад унан үзүүрлэснээс үзэхэд тэрбээр лавтай 40 гаруй жил даншиг, арван засгийн наадамд зодоглож хоёроос доошгvй түрүүлж байж “Даян аварга” цолонд хүрсэн байж таарна. Хүдэр даян аваргатай холбоотой бас нэг хууч бол Санбэйсийн хошууны нутагт байсан “Гүн шаварч”-ийн хятад пүүсийн данжаад Монголоос арьс шир, ангийн үс элдэв зүйл ачаад нутаг Долнуур буцахдаа түүнийг замд тохиолдох дээрэм тонуулаас хамгаалуулах зорилгоор авч явахдаа хүч чадлыг нь сорьж ургаа том хадан дээр иргэн хонин чинээ бул хар чулуу өргүүлж тавиулаад бяр чадлыг бахдан мөнөөх чулуун дээр “Үүнийг Санбэйсийн хошууны хүдэр даян аварга Гомбожав хэмээх хүн өргөж тавилаа…” гэсэн хятад бичиг цохиулж үлдээсэн гэдэг.

 

ХОЁР. Бөх Буурал: Хуучин Увс аймгийн Өмнөговь сум, эдүгээгийн Наранбулаг сумын нутаг Бөхөн шарын нуруугаар голдуу нутагладаг, хавь ойрдоо “Бөх Буурал” гэж алдаршсан, хүдэр том биетэй, хүч тэнхээ ихтэй эр байжээ. Бөх Буурал овоо тахилга, ойр тойрны наадамд тун ч сайн барилдаж явсан гэдэг. Нэг намар Бөх Буурлыг хөвчийн хүрэн баавгайтай хvч үзэн барилдаж дийлсэн тухай яриа нутаг даяар ам дамжин ярих болж бяр чадлыг нь бахдан гайхацгааж байжээ. Тэгээд л үе тэнгийн найз нь үгэнд дурлаж яриа өдөж:

-За хөө! Буурал аа! Чамайг баавгайтай барилдсан гэж шуугиад байх юм. Үнэн юм уу? гэж асуухад бөх Буурал толгой дохин хүд хүд инээснээ:

-Баавгай гэдэг амьтан чинь их тамиртай амьтан байна билээ шүү. Тонгорохоороо би орхиод, алгадахад нь би унаад байв даа хэмээн хуучилж суусан гэдэг.

 

ГУРАВ. “Баавгай” хэмээх Дагвадорж: Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, аймгийн арслан Цэрэндоржийн Дагвадоржийг нутгийнхан нь “Баавгай” хэмээн хүндэтгэн хочоор нь дууддаг ажээ. Залуу бөх Ц.Дагвадорж 1956 оны намар Хан Хэнтийн нуруунд хөвчийн том анд нутгийн хашир анчин Дашийн хамт мордож дээ.

Модны чөлөөгөөр арай түрүүлэн явж байсан Даш өвгөнийг шархдаж улангассан баавгай гэнэт дайрч яах ийхийн завдалгүй нүүрний нь арьсыг хуу татан унжуулж, хүчимт савраараа алгадах агшинд 17 настай самбаатай хүү Ц.Дагвадоржийн буу тасхийн ой хөвчийг доргиулан цуурайтахад хүрэн баавгай ч газар харуулдан унаж, өвгөн анчин ухаан балартан ойчсон гэдэг. Тэгээд нарийн шургааг хуга татан холбож чаргархуу юм хийж Даш өвгөнийг дээр нь хэвтүүлэн цасан дээгүүр чирсээр гэрт нь авчирч байжээ.

Ийнхүү нутгийн өвгөн анчны амийг хүрэн баавгайн хүчит савраас аварсан Дагвадорж хойтон зун нь эргээ халин үерлэсэн Онон мөрний усанд мориноос унан живж үхэх гэж байсан бүсгүйг бас зориг самбаа гарган аюулаас аварч байжээ. Тэгээд л нутгийнхан нь ач тустай Дагвадорж хүүгээ:

”Хөвчийн хүрэн баавгайнаас Хүний амь аварсан Дагвадорж Хөөс сахарсан Ононгоос Хүүхэн булаасан Дагвадорж…” хэмээн бахархан ярилцах болсон гэдэг.

Ц.Дагвадоржийг 1959 онд аймгаасаа шалгаран Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын үндэсний бөхийн барилдаанд зодоглон Булган аймгийн бөх Б.Жамьяндоржтой барилдахаар дэвжээнд гарахад”Булганы тэмээ өргөдөг… Хэнтийн баавгай өргөдөг…” гэж сүртэй нь аргагүй зарлаж байсан билээ. Энэ үеэс Дагвадоржийн “Баавгай” нэр олонд тархсан ажээ.

Ц.Дагвадорж 1965 онд аймгийнхаа наадамд улсын начин Ш.Шаравжамцыг өвдөг шороодуулан түрүүлж аймгийн арслан цол авсан байна Цэрэндоржийн Дагвадорж арслан төрж, өссөн Батширээт сум болон зэргэлдээ орших Биндэр, Цэнхэрмандал сумдын наадамд олон удаа түрүүлж байсан бөх юм. Ц.Дагвадорж халз дэгээдэх, зайлж дугтрах суйлах мэхийг голдуу хийдэг бөх байлаа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !