Дэлхий дахинд

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТАРАГТ СУМЫН НУТАГТ ОРШИХ АВЗАГА ХАЙРХАНЫ ТҮҮХ – Шэйрлээд аваарай

– Ол! Ол! Ямарч хамаагүй аргаар заавал ол! хэмээн хоолойныхоо аагаар хашхирах, Манж амбангийн царай минчийтлээ улайж, гүрээнийх нь судас хагачих нь уу гэлтэй аймшигтайгаар товойж ирснээ тамир нь тасрав бололтой лагхийтэл суучхав. Өдөр өдрөөр ааш аяг нь улам бүр дордох болсон эзнээ тайвшруулах гэж хэдэн хятад зарц нар нь бэлцгэр хөх нүүрийг нь дэмий л баахан сэвж, нуруугаа тасартал бөхийн гүйлдэж, үйлээ үзэх болжээ.

Явсан хэрэг бүтэлгүйтэж, ганзага хоосон ирсэн элч нарын арай ахимаг настай нь амбанг жаахан тайвширсны дараа тал засан дөхөж:

– Ишш амбан минь! Аядаж үз. Үйзэн вангийн хошууны Гаваагомпил туслагч гэгч тэр хүн залуу хүн хэрнээ түмэн залины ёроолгүй тулам юм. Бидний очихоос урьтан Арвайн хүрээний их номч мэргэн бандида Цэвэлваанчигдоржыг залж, Үйзэн вангийн хошууны ард иргэдийг цуглуулан өнөөх Алтан арсланд чинь Түмэндэмбрэлийн мандал өргөж хуурайлуулаад Авзаг хайрханд онголчхож. Хошуу түшмэдээсээ эхлээд харц ард нь хүртэл биднийг үл тоож, албаны элч гэж хүндлэх нь бүү хэл адууны эрэлчээс дорд үзэж, арай л хээр хонуулж, хэц дэрлүүлсэнгүй гэж гоншгонон хов зөөж эхлэв. Арга тасарч гөлийсөн галгүй цэхэр нүдээр тааз ширтэж хэвтсэн амбан:

– Аргагүй ээ. Чингис хааны өөрийн гараар соёрхсон тэр алтан арсланг Гаваагомпил туслагч зүгээр л май өгөөд өгөхгүй. Үйзэн вангийнханд тэр арслан байгаа цагт, үхэр Монголоосоо үлдэж байгаад ч хамаагүй үхэн үхтлээ Манжтай тэрсэн тэмцэлдэнэ. “Өдрийн сайныг сонгож элч явуулна уу” гэдэг нь энэ санаагаа харуулахыг зорьжээ. Би дэндүү гэнэн хандаж, их хууртлаа хэмээн гүвтнэн дуу нь улам бүдгэрсээр авай.

Манж амбаны элчийг хоосон буцаасан Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны, 5 түшмэдийн нэг Гаваагомпил өөхөн дэнгийн гэрэлд ихэд бодлогошрон сууна. Гучин нас дөнгөж хүрч яваа гэхэд хэдийнэ буурь суусан түүний хүрэл хүрэн царай ихэд зовинонгуй харагдах агаад таван настай хүү Цэмбэлийгээ үнэгчлэн инээхэд нь муухан мушилзав.

Яг л хүүгийнх нь насан дээр байхад эцэг Цэрэн тайж нь түүний өмнө бодын шагайн чинээ цул алтан арсланг тавьж байгаад Авзагбаатар Алтаншагайн түүхийг хүүрнэн өгүүлж, удам угсааг нь мэдүүлж билээ.

Эцгийн яриаг эргэн санавал түүний дээд өвөг болох нэрт оточ Хүрмэнтийн хүү Алтаншагай нь Тэмүүжингийн хайртай эрэлхэг цэрэг нь байжээ. 18 насандаа Алтаншагай хүү Авзагабаатар хэмээн алдарших болж, 24 насандаа Түмтийн манлай зоригт баатар хэмээх цолыг зарлигаар хүртэжээ. Харин 25 насандаа Их Монгол улс байгуулагдсаны анхны наадамд 10 даван түрүүлхэд нь Чингис хаан ихэд баярлан Мянгатын магнай хүчит арслан цолыг олгосон аж. Энэ цолыг олгохдоо Чингис хаан бодын шагайн чинээ цул алтан арсланг түүнд зориулан хийлгэж “уудам тал нутгаа хүчит арслан мэт, үл ялагдан хамгаалсугай” хэмээн соёрхсон байна. Алтан арслангийн соёрхол хүртсэн тэр жилдээ Авзагбаатар Алтаншагай нэгэн томоохон тулалдаанд зүүн гараа тас цавчуулсан хэдий ч насан өндөр болтлоо мянган эрийн магнайд тулалдсан гэдэг.

Түүнийг азай буурал өвгөн болж тэнгэр өөд халихад өсөж төрсөн нутгийнх нь шүтээн болох Яргайт хэмээх асар хэлбэртэй уулын энгэр бэлд нутаглуулжээ. Тэр цагаас хойш тэрхүү Яргайт уулыг Авзага хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэх болсон байна.

Хожим нь 16-р зууны эхээр алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн энэ нутгаар явж байгаад нэгэн өвгөнийд бууж саатах үед тэр өвгөн Авзагабаатар Алтаншагайн түүхийг ярьж, өөрийгөө тэр баатар эрийн удмын хүн хэмээн хэлж, алтан арсланг үзүүлжээ. Лигдэн хаан ихэд бэлэгшээн баясаж тэр өвгөний 9 настай ач хүүд нь улиран залгамжлах тайжийн хэргэм хүртээсэн гэдэг. Ийнхүү тэдний удам хөвөрсөөр энэ үеийг хүрсэн бөгөөд үлгэр домог мэт энэ түүхийг Гаваагомпил хар багаасаа сонсож өдийг хүрчээ.

Тийм ч учраас тэрбээр энэ үдэш хүү Цэмбэлдээ эл түүхийг ярьж өгсөн юм. Харин түүнд эрт үеийн эцэг дээдсээс нь өвлөж үлдээсэн өнөөх алтан арслан нь байсангүй. Учир нь Манжийн амбан алтан арсланг нь авч Манжийн их хаан Энх-Амгаланд хүргэж авшиг хүртээлгэн буцаалгах нэрээр бүрмөсөн авч хошуу нутгийн ард түмний зориг зүрхийг мохоох гэж буйг гадарласан Гаваагомпил өнөөх алтан арслангаа Авзага хайрханд онголжээ.

Ийнхүү элчийг хоосон буцааж бүдүүн зүрх гаргаснаа тэрээр зөв буруу эсэхэд эргэлзэж суугаа нь энэ. Тэрхүү алтан арслан бол нэгэн удмын шүтээн гэхээсээ илүү нэгэн хошуу нутгийн ард түмний үе уламжлан шүтэж ирсэн уул ус, унаган нутгаа хамгаалах сэтгэл санааны асар их хүч, омог зориг болсон юм.

Ингэж бодол болон нилээд суусны эцэст Гаваагомпил туслагч “Аа яадаг юм. Алтан арсланг мөхөн унаж байгаа Манжийн гарт таяг болгож өгснөөс бүдэрч яваа хөлд дэгээ болгон онголсон нь зөв. Ард олны омгийг авдаранд хадгалж тахисанаас, Авзага хайрхандаа онголж тахивал тэдний зориг уул мэт болно. Зөв буруу эсэхийг хожим хойчийн үр сад шүүтүгэй” хэмээн нэгэн мөр сэтгэл шулуудаж, өөрийн удамдаа гал дуудсан тэрбээр тайван гэгч унтаж эхлэв.

Жич: Энэ түүхийг Гаваагомпил туслагчийн том охин Лхамсүрэнтэй гэр бүл болсон Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Даваажав өөрийн төрсөн охин Халимагт ярьдаг байжээ. Халимаг гуай 2010 үед уг түүхийг ярьсан байна.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !