ГАЛУУТ СУМЫН БУРХАНТ ХЯСААНЫ ДОМОГ – Хадгалаад аваарай
Баянхонгор аймгийн Галуут суманд байдаг. Сумын төвөөс 20км орчим зайтай, Чин сүжигт Номун ханы хийдээс хойд зүгт холгүйхэн их хадан хясаа бүхий уул байдаг. Энэ хадан хясааг нутгийн ардууд Бурхант хясаа (ХӨ46°50’19’’ ЗУ100°04’49’’) хэмээх бөгөөд сүслэн дээдэлсээр иржээ.
Хадан хясааны Цагаан туруут голын өөд хандсан хойд хананд бурхадын хөргийг бүтээжээ. Хангайн сүрлэг уулсын дунд тунгалаг уст Цагаан туруутын голыг хөвөөлөн орших Монгол түмний түүх соёлын үнэт дурсгал болсон Бурхант хясаа жуулчдын анхаарлыг татаж нүд баясгасан үзмэр болох эргэлзээгүй.
Бурхант хясааны домог: Эрт цагт ах, дүү хоёр өөр газар явж эрдэм номд суралцаж, шашны хоёр урсгалаар машид сайн мэргэшсэн байж гэнэ. Тэр хоёр нутагтаа буцаж ирээд номын хүчин чадлаар хоорондоо үргэлжид тэмцэлдэж байсанд нэгэн цагт дүү нь ахыгаа егүүтгэсэн юм гэнэ. Ингээд дүү нь ахынхаа хойноос харамсаж гашуудаж түүний буянд зориулж , машид хичээнгүйгээр хясаан дээр хорин нэгэн бурхан зурж /ижил хэмжээний/ сийлсэн юм гэсэн домог байдаг.