Зөвлөгөө

АДУУНЫ АРДЫН УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ АРГУУДААС – Хадгалаад аваарай

Эмч, эмнэлгийн байгууллагын тусламж тэр бүр аваад байж чадахгүй хөдөөгийн малчдад зориулан адууны элдэв эмгэгийг анагаах Ардын уламжлалт аргуудаас нийтэлж байна. Малч өвөг, дээдэс маань мал маллах уламжлалт арга ухаандээрээ суурилан доорх эмчилгээний аргуудыг хэрэглэж байсан ч шинжлэх ухаан технологи хөгжсөн өнөө цагт эрхэм уяачид, уншигчид та бүхэн мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөг авахыг урьтал болгохыг сануулж байна.

 

1. ЭЗНИЙ БУРУУГААС БАГТРАА

Тарган моринд уяа, засал дутуу хийснээс болж бөглөрч унахыг багтраа гэдэг. Ингэж унасан морины мах булчин чичирч, хамрын самсаа нь дотогшоо хумигдан, амьсгал нь цөөн болж, хамраас нь цус гоожиж ч мэдэх талтай. Ийм тохиолдолд тэр даруйд нь мориныхоо ам хамрыг битүүлэн таглаж, гадагшаа амьсгалахыг нь хааж чадвал аажмаар сэхэл авах нь бий.

 

2. ДЭЛБЭЭ БА ДЭЛҮҮДЭХ

Өлсгөлөн адууг услахгүйгээр ширүүн давхих үед ихээр хөлөрч, зүрхний цохилт хүчтэй болж, хөл дээрээ зогсож чадахгүй, хамраас нь дусал байдлаар цус гарч үзэгдэхийг түгшээ буюу дэлсээ болжээ гэдэг. Ийм үед өтгөн хар цай уулгаж, цээж бүдэрхийг нь хүйтэн усаар цохиулан, хөдөлгөх хэрэгтэй. Дэлсээ орсон адууны ороо хар, хааны буюу уушигны судас, хамрын сиймхий, умдагны болон тагнайн судсыг хатгадаг гэж өвгөд ярьдаг.

Хужир мараа дутагснаас болж адуу шороо долоож, шорвог ус ууснаас дэлүүтэх өвчин тусдаг. Энэ нь адууны умсны мухарт элс шороо бөөгнөрч, хий үүсгэн, гэдэс дүүргэх зэргээр илрэх бөгөөд адуу хөлөрч хөрвөөх буюу нүдээ аних нь ихэснэ. Дээрх шинж тэмдэг илэрсэн адууг босоо байхад нь сүвээний гуравдугаар хавирганы урд, нурууны голоос 4-6 хуруу дор урт, үзүүртэй шөвгөөр хатгах хэрэгтэй. Дэлүү олдсон бол шөвөг нар эргэн хөдөлж харагдах учиртай гэнэ. Энэ үед адууны амьсгал намдаж, тайвширч эхэлдэг гэдэг.

 

3. АДУУ ЗООГОО АВАХ

Хурдан морь гэнэт эвгүй давхих, гэнэт хүчтэй өшиглөх, шавраас хөлөө ширүүн суга татах зэргээс хойд хөлөө доголохыг зоогоо авах гэнэ. Энэ нь зоо нурууны булчингийн хэсэг сунаж, арьс мах нь хоорондоо зайтай болж булчин агшсаны шинж юм. Ингэж зоогоо авсан адуу хойд хөлөө ондогнон гишгэж, хөлөө сойж зогсдог байна. Ийм үед хий тангаруулах, зоон дээр нь ташуур зэрэг хатуу зүйлээр нухаж, хомоол цохих аргыг хэрэглэдэг ажээ.

 

4. ӨЛӨН БӨГЛӨӨ БУЮУ ХЭЛБЭЭ

Уяа эсвэл засал нь таараагүй хурдан морь уралдааны замд амаа ангайн шилээ татаж унахыг өлөн бөглөө гэдэг. Ийм тохиолдолд дээхэн үеийн уяачид нуруу руу нь хүйтэн ус цацаж, хамраар нь тамхи хийх, зуны цагт адууны шар хомоолыг өрөм, шар тостой хольж утах зэрэг аргыг хэрэглэдэг байжээ. Өлөн бөглөө гэдэг нь хоол багадсан морины гэдэс орооцолдож хямрахыг хэлэх бөгөөд үхрийн шингэн баас зуурч уулгах нь тустай хэмээдэг.

 

5. АГТАЛСАН АДУУ СОЁНГОТОХ

Бага насны үрээ адууг агталж хөнгөлөх үед цус алдаж, хавдар үүсгэдэг үеийн өвчнийг соёнготох гэдэг. Тухайн адууг хөнгөлөх үед засааны шарханд үс хялгас, ноосны бохир орсноос болж хавддаг байна. Ийм үед засааг нь буцалгаж уулгах, зандангаар утах зэрэг зан үйлийг хийдэг байжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !