Зөвлөгөө

ШИЛИЙН САЙН ЭРСИЙН ШҮТЭЭН ГОМБО ШАЛШИ БУРХАН – Хадгалаад аваарай

ДОМОГ:

 

Нэг үе ар Халхын шилийн сайн эрсийн гол ганц шүтээн нь Гомбо шалши хэмээх бурхан байсан гэдэг. Жишээ нь хуучин Далай Чойнхор вангийн Дорлиг хэмээх сайн эр Гомбо шалши бурханыг шүтдэг байсны хүчинд олон удаа амь гарсан аж.

Тэрээр бага насандаа лам болж сүм хийдэд суусан боловч нас бие гүйцэх үед нь багш лам нь “Чи алсдаа шашны үйлсэд тус багатай юм. Иймд хар бол” хэмээгээд өөрийн шавийг баян айлыг бараадуулсан аж. Гэвч Дорлиг баян айлд зарцлагдахгүйгээр сайн эрсийг дагаж сайн хулгайч болжээ.
Энэ үед багш нь түүнд өөрийн нууц сахиус болох Шалши бурханы зүрхэн тарнийг лүн вангийн хамт өгч сургасан тул уг тарнийг байнга уншисаар тоог нь гүйцээсэн байж. Тэр үед Халхын сайн эрс Тагна Урианхайн хязгаараас адуу их хөөдөг байсан юмсанж. Нэг удаа Дорлиг Тувагийн баян бөө нар болох “Таван бөөт” хэмээх ах дүү таван бөөгийн адууг хөөжээ. Шөнжин хөөж их модтой уулсын аманд адуугаа хашин унтаж амраад маргааш өглөө нь цуг явсан хоёр нөхрөө дагуулаад Туваа руу буцах гэтэл цаад хоёр нь дургүйцсэн юмсанж.

Гэтэл Дорлиг “Бид Туваагийн хамгийн том бөө нарийн адууг хөөж ирсэн. Тэд нар бидэнд хараал хийх нь зайлшгүй. Хараалыг нь дагуулаад нутагтаа очвол нутаг хошуунд хараал нь тархах болно. Тэд нар өнөө орой л бөө бууж таарна. Тэр цагт бид хажууд нь байх ёстой.

Бөөгийн отогт холын аянчин аятай бууя” гээд дагуулан морджээ. Тэднийг бөөгийн отогт очиход олон хүн цугласан байж. Дагаж очсон хоёр нөхөр айж сүрдээд сүйд гэнэ. Дорлиг харин огт айсангүй Шалши бурханы тарнийг амандаа тасралтгүй уншиж суужээ. Тэнд цугласан хүмүүс “Бөөгийн адуу хөөдөг яасан тэнэг, азгүй хулгайч вэ” гэх зэргээр ярилцаж байтал ах дүү таван бөөгийн гурав нь бөөлөхөөр болжээ.

Тэгээд хэц хэнгэрэг пижигнэж бөө буусан болов ч онгод нь орж ирсэнгүй. Тиймээс тэд гадаа их түүдэг асааж ах дүү тавуулаа нийлэн бөөлсөн болов ч онгод нь мөн л орж ирсэнгүй. Эцэст нь тэд учиргүй гайхаад “Их зайранг залахгүй бол болохгүй нь” гэж шуугилджээ. Энэ үед Дорлиг Шалши бурханы тарнийн хүч оршиж байгааг мэдэн их л маадгар суусан байна. Тувачууд тэр шөнөдөө их зайран руугаа элч довтолгосон бөгөөд байдал нэгэнт ийм болсон тул Дорлиг хоёр нөхрийн хамт хүлээхээр шийджээ. Хоёр хоногийн дараа Туваагийн их зайран нь хоёр удганаа дагуулж ирээд нийт найман бөө зэрэг бөөлжээ. Их зайран нь суудалдаа бөгтийн суугаад огт хөдлөхгүй байх юм гэнэ. Энэ үед Дорлигийн хар хөлс цутгаж, гар болон хөлийн хуруу руу нь зүү шаах мэт хатгаж, нүд нь эрээлжлээд иржээ.

Тиймээс Дорлиг хамаг хүчээ шавхан газраас шороо атган босч “Гомбо шалши минь” хэмээн хашгираад тарниа чанга уншин үлээгээд их зайран руу цацтал цаадах нь хэнгэрэгээ тээр хол чулуудаад газар алдлан унажээ. Тойрсон хүмүүс шуугилдан бужигнах чөлөөгөөр Дорлиг хоёр нөхрийн хамт унаандаа гүйн хүрч мордоод довтолгон оджээ.

Тэр гурвыг хэн ч хөөсөнгүй. Өдөржин давхиж адуундаа хүрээд нутгийн зүг жолоо залсан гэдэг. Догшин сахиус Шалшийн тарнидсан шороогоор цацуулсан их зайран нэг хоногийн дараа ухаан орсон ч дахиж онгодоо залж оршоож чадаагүй тул эгэл жирийн нэгэн болсон гэдэг.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !