Зөвлөгөө

ҮХРИЙН НҮД ТАРИХ АРГАЧЛАЛ БА АРЧИЛГАА – Хадгалаад аваарай

Үхрийн нүд бол манай орны байгаль цаг уурт зохицон ургаж чадах тэсвэртэй, хамгийн тохиромжтой ургамал юм. 1-1,5 м өндөр ургаж 15-20 жил амьдарч үр жимсээ өгнө. Үндэсний системийн ихэнх нь хөрсний 10-30 см гүнд 1,5-2 м диаметртэй тархана.

Үхрийн нүд нь жимсний бусад таримлуудыг бодвол хөрсний хүчиллэгийг муу даана. рН-6-6,5 буюу сул хүчиллэг хөрсөнд сайн ургана. 1-2 настай суулгацаар тарихад 2-3 дахь жилээсээ үр жимсээ өгч эхэлнэ. Анхны жимслэлтээс хойш 10 жил ургац өгөх бөгөөд үүний долоон жилд нь найдвартай өндөр ургац өгнө.
Үхрийн нүдний жимс нь витамин агуулалтаар жимсний ургамлуудаас тэргүүн байранд орох бөгөөд түүнд агуулагдах витамин С нь харьцангуй тогтвортой боловсруулалтын явцад задарч арилахгүй хадгалагддаг онцлогтой.

Нэг бутнаас 2-5 кг, зарим тохиолдолд 10 кг ургац авах явдал ч бий. Манайд нутагшин ургаж байгаа зарим сортуудыг дурдвал:

– Приморский чемпион

– Кокса

– Рубин

– Надежда

– Минусинска

 

Суулгах, арчлах

Суулгац нь 18-25 см голлосон үндэстэй, гурваас доошгүй салаа мөчир бүхий 30 см-ээс богиногүй иштэй байвал шаардлага хангана. Үхрийн нүдний ургалт хамгийн эрт эхэлнэ. Вегатацийн хугацаа нь үндсэндээ 4 сарын сүүлчээс 10 дугаар сарын 1 дүгээр 10 хоног хүртэл үргэлжилнэ. Үхрийн нүдийг эгнээ хооронд 3м, ургамал хооронд 1,5-3м зайтай суулгана. Дулаан хүйтний хэлбэлзэл ихтэй, агаарын чийг, цасан бүрхэвч багатай нөхцөлд эгнээ хооронд 2-3 м, ургамал хооронд 1-1,5 м зайтай шигүү тарьж арчилгааг сайжруулснаар илүү ургац авч болно.

Нэг талбайд үхрийн нүдний нэг сортыг тарихад өөртөө тоос хүртээж ургацад муу нөлөө үзүүлдэг тул 2-3 сортын үхрийн нүдийг хольж тариалбал сайн байдаг. Үхрийн нүдийг хавар, намрын аль ч улиралд тарьж болох авч хавар ургалт эрт эхэлдэг учир намар суулгах нь илүү тохиромжтой. Намрын хүйтэн орохоос өмнө 2-3 долоо хоногт багтааж таривал дараа жил сайн ургаж хөгжинө.

Суулгахдаа 50-60 см гүн, 40-50 см диаметртэй нүх ухаж 1-2 хүрз хөх бууц, 75 г фосфорын бордоог хөрстэй нь сайтар хольж суулгана. Суулгацын 1-2 нахиаг хөрсөнд булагдсан байхаар, 45 хэмийн хазгай суулгана. Энэ нь бутны цаашдын хөгжилд сайн нөлөөлж хажуугийн нэмэлт үндсүүдийг үүсгэнэ. Шороог чигжих үедээ нахиаг гэмтээж болохгүй. Суулгасны дараа тогоо засаж, 40 л усаар усална. Хөрсийг өрөмтүүлж хатаахгүйн тул тогооны доторх талбайг ялзарсан бууц, үртсийн аль нэгээр бүтээнэ.

 

Усалгааны горим

Хавар тарьсан бол суулгасны дараа, намар тарьсан бол дараа жилийн хавар 1-3 нахиатай иш үлдээж, мөчрүүдийг 10 см орчим дээгүүр тайрна. Намар суулгасан бутыг 7-10 см зузаан манаж өвөлжүүлнэ. Эхний жилийн намар 4-5 сайн хөгжилтэй шинэ найлзуур үндэс орчмоос ургана.

Хоёр дахь жилийн хавар тэдний хамгийн хөгжилтэй 3-4 мөчрийг үндсэн мөчир болгохоор үлдээж, 1-2 мөчрийг угаар нь тайрна. Хоёр дахь жилийн намар үлдээсэн мөчрүүд 2 настай болж, түүн дээр нэг наст салаа мөчрүүд ургана. Мөн үндэс орчмоос 5-6 шинэ мөчир ургана.

Гурав дахь жилийн хавар шинэ ургасан нэг наст мөчрүүдээс 3-4 сайн хөгжсөнийг үлдээж, бусдыг угаар нь тайрна. 2 настай мөчир дээр үүссэн 1 наст салаа мөчрийг богиносгоно. Гурав дахь жилийн намар 3 настай 3-4, хоёр настай 3-4, шинээр үндэс орчмоос ургасан 5-6 мөчиртэй болно. Энэ маягаар таван нас хүрэхэд үхрийн нүдний бут 1-5 настай, 16-24 мөчиртэй болно.

 

Цаашдын ургалтын явцад 5 нас хүрсэн эхний мөчрүүд хөгширч ургац нь буурч эхэлнэ. Иймээс тухайн жил 5 нас хүрч байгаа 3-4 хөгшин мөчрийг огтлон оронд нь шинээр ургасан мөчрөөс 3-4-ийг түүний оронд үлдээх маягаар огтлолыг үргэлжлүүлнэ.

Үндэс орчмоос шинээр ургасан нэг наст мөчрийн бүх нахиа нь өсөлтийн нахиа байдаг. Салаалж ургасан хоёр болон түүнээс дээш эрэмбийн нэг наст мөчрүүдийн хажуугийн нахиа нь үр жимсний нахиа байдгийг таналтын үед анхаарах нь зүйтэй.

Бордоог эхний хоёр жил хийх шаардлагагүй бөгөөд дараа жилүүдээс малын хөх бууц, шувууны сангасыг усаар шингэлж, бордоно. Эрдэс бордоогоор бордох бол хавар, зуны заагаар мод бүрд 25-50 гр азот, 50-70 гр фосфор, кали ногдуулж бордоно.

Усалгааг нэг модонд 40-60 л усаар бодож услах бөгөөд үндэс томрох тутам усалгааг нэмэгдүүлнэ.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !