Зөвлөгөө

ХУТАГТ ДЭЭД АЛТАНГЭРЭЛ ХЭМЭЭХ ХӨЛГӨН СУДРЫН ТУХАЙ – Хадгалаад аваарай

Хиргүй ариун Алтангэрэл судар нь судрын аймгийн хаан болой. Адистид хийгээд аврал, олон амьтны эгээрлийг хангагч, хамаг амьтныг амгалан хийгээд бодийн хутгийг олохын суурь үндэс юм.

Түүнчлэн орчлонгийн хамаг бодгалс энх амгалантай байх, өөрийг болоод улс орон, хэрэв хүсч, шүтвэл дэлхий нийтийг ч элдэв зэтгэр, байгалийн гамшиг зовлонгоос хамгаалах адис, аврал ихтэй ном бөгөөд Монгол түмэнд барилдлага ойр, аврал ихтэй судар хэмээн Алтангэрэл судрыг үздэг.

Монголчууд хэдэн зууны тэртээгээс Алтангэрэл судрыг гэр орондоо залж, орой үдэш судар номоороо гэр орон, малын хороо бууцаа эргэсээр ирсэн уламжлалтай. Үүнд дараах ач тус байдаг.

1. Алтангэрэл судраараа гороо хийж буй хүн их буяныг хураах, буян хурааснаар ойрын хийгээд алс хэтдээ амьдрал ахуйд нь учрах саад тотгорыг арилгах, түүнээс аварч өршөөдөг ажээ.

2. Алтангэрэл судраар гороо хийснээр гэр орон, мал идээгээ элдэв саад зэтгэр, үер ус, аянга цахилгаан зэрэг аливаа байгалийн гамшгаас сахидаг учиртай.

3. Алтангэрэл судраараа өдөр бүр гороо хийх нь улс орныг бүрдүүлэгч айл өрх амар амгалан байх улмаар улс нийтээрээ амгалан жаргалантай байхын үндэс шалтгаан болох далай их буяныг хураахад ихээхэн хувь нэмэртэй байжээ.

 

Дэлхий даяар 160 гаруй салбар бүхий “Их хөлгөний уламжлалыг хадгалах төв” байгууллагын тэргүүн Зопа ринбүүчи Алтангэрэл судрыг арваад жилийн өмнө Майкл Роч гэвшийн нэгэн шавиас Алтангэрэл судрыг авч уншсан юм. Үүнийг уншсан, шүтсэний ач тус төсөөлөхийн ч аргагүй их байв. Тиймээс би түүнийг уншиж төгссөний дараа магнайдаа хүргэн адис аваад дэлхий дахинаа дэлгэрүүлэх андгай тангараг тавьсан юм” хэмээсэн байна.

Бурхан багш айлдахдаа үүнийг шүтэгч хэн боловч “Хутагт дээд Алтангэрэл судрын аймгийн эрхт хаан” хэмээх судрыг шүтэж, уншиж судлан дээдийн мөрд орох аваас тэрбээр хэзээ ч там, бирд, адгуус, асура зэрэг дорд муу заяаны төрөлд унахгүй сайн буяныг хураах болно.

Мөн Гандан, Диваажин тэргүүтэй бурхадын арилсан орноо төрөл авах болно. Тийм учраас энэхүү дээдийн ном нь нэн гүн нарийн тул сайтар анхааран аваарай” хэмээн бурхан багш айлдсан байна.

Сударт зарлиглахдаа Алтангэрэл судар оршин буй газарт бурхан-ном оршино, харин Алтангэрэл судар эс орших болсон газарт бурхан-ном эс оршино.

Алтангэрэл судрыг залж, цаг ямагт уншдаг улс орныг номын сахиус хийгээд хамгаалагч тэнгэр нар ивээлдээ багтаахын учирт тухайн улс орон хийгээд нийт иргэд атаатан дайсан, өвчин эмгэг тэргүүтэн элдэв гаслангийн аюулд үл өртөгдөж, насан урт жаргалтай амьдрах, хэрэг үйлс бүтэх, өлзий дэмбэрэл дэлгэрэх, сэтгэл санаа амгалантай байх зэрэг ач тус хязгааргүй болно.

Алтангэрэл судартай айлд аянга цахилгаан буудаггүй гэдэг. Үнэхээр Алтангэрэл судрыг унших үзэхэд аянга цахилгааны аюулаас сахидаг тэнгэрүүдийн тухай, тэр тэр зүгт, тийм тэнгэрүүд байдаг, тэдгээрийг шүтвэл аянга цахилгаанаас аврагдана гээд заасан байх жишээтэй.

Алтангэрэл судар хэмээх эрхэм дээд судрыг унших нь гарцаагүй та бүхний амьдралын алив саад тотгор, гай барчдаас сахих, дэлхий нийтийн энх амгалангийн уг шалтгаан, түүгээр ч үл барам та тэргүүтэн хамаг амьтны гэгээрлийн чинадад хүрэхийн үндэс шалтгаан болох болно.

Тиймээс та бүхний хувьд өдөр тутмын амьдралдаа үйлдэн дадуулахад утга учир төгс бүхий олон буянт үйлсийн нэг нь гарцаагүй Алтангэрэл судрыг унших, шүтэх зэрэг буянд хичээн шамдах явдал юм.

 

Хутагт дээд Алтангэрэл судрын аймгийн эрхт хаан хэмээх судар

Анхдугаар бүлэг: Тэргүүлэн өгүүлэхүй

Хоёрдугаар бүлэг: Түүнчлэн ажирагсдын (бурхадын) насан сүүдрийн хэмжээг үзүүлэхүй

Гуравдугаар бүлэг: Гурван лагшныг ялган үзүүлэхүй

Дөрөвдүгээр бүлэг: Зүүдэнд наминчлахуй

Тавдугаар бүлэг: Үйлийн түйтгэрийн үргэлжлэлийг таслагч

Зургаадугаар бүлэг: Газрыг нэн тэтгэгч

Долоодугаар бүлэг: Өнгөрсөн, одоо заларсан хийгээд ирээдүйд залрах бурхадын орон бүхнийг магтсан

Наймдугаар бүлэг: Алтат нэрт тогтоол

Есдүгээр бүлэг: Хоосон чанар Аравдугаар бүлэг: Хоосон чанарт шүтээд хүссэн хэргийг гүйцээх

Арван нэгдүгээр бүлэг: Их дөрвөн хаан тэнгэр хийгээд хүмүүнд харсан

Арван хоёрдугаар бүлэг: Дөрвөн их хаан улс орныг бүрэн тэтгэх

Арван гуравдугаар бүлэг: Хүсэл шунал үгүйн тогтоол

Арван дөрөвдүгээр бүлэг: Хүсэл горилыг хангагч эрдэнийн тогтоол

Арван тавдугаар бүлэг: Срасвати охин тэнгэр

Арван зургаадугаар бүлэг: Шри охин тэнгэр

Арван долоодугаар бүлэг: Их охин тэнгэр Шри бээр эдийг машид арвижуулах

Арван наймдугаар бүлэг: Газрын охин тэнгэр Дрида

Арван есдүгээр бүлэг: Ягчисын хаан Самжнаяа

Хорьдугаар бүлэг: Хааны шаштир “Тэнгэрийн эрхтийн тангараг”

Хорин нэгдүгээр бүлэг: Сусамбава

Хорин хоёрдугаар бүлэг: Ягчисын орон хэмээх бүхэнд сахигч

Хорин гуравдугаар бүлэг: Тэнгэрийн хөвүүнд эш бошгийг үзүүлсэн

Хорин дөрөвдүгээр бүлэг: Өвчин бүгдийг машид амирлуулан үйлдсэн

Хорин тавдугаар бүлэг: Жалаваханаг номхруулсан загасны урьдын цадиг

Хорин зургаадугаар бүлэг: Ханхүү бээр өлсгөлөн баранд нигүүлсэхүйгээр биеэ өгсөн

Хорин долоодугаар бүлэг: Бодьсадва бүгдээр магтсан

Хорин наймдугаар бүлэг: Түүнчлэн заларсан бурхад бүгдийг магтсан хэмээх

Хорин есдүгээр бүлэг: Төгсгөлийг хураасан хэмээх нийт хорин есөн бүлэг болгон бурхан багш бээр айлджээ.

 

Эх сурвалж: Буддын Соёлын Махагала нийгэмлэг

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !