Зөвлөгөө

ДЭМБЭЭ ЯАЖ ТОГЛОХЫГ СУРЪЯ ГЭВЭЛ ҮҮНИЙГ УНШААРАЙ – Хадгалаад аваарай

Тэгээд доорх хэллэгийг цээжлээрэй.

Хоёр хүн хоорондоо талцан: “Дэмбээ мэдэх үү, чи?” гэж аялгуулан эхлээд,

 

Ганган ганцаа

Хоёрын хоёроо

Гунан гурваа

Дөгөөтэй дөрвөө

Талын таваа

Зуравсын зургаа

Долоотой домбоо

Найзын наймаа

Есийн дэгээ

Арвын хангай

гэж хоёр гарынхаа арван хурууг дэмбээний аялгуугаар ээлжлэн гаргаж наадна.

Хоёр хүний гаргасан нийт хуруунуудын тоотой аль нэгийх нь хэлсэн тоо таарвал нэг оноо авна. Оноо авах бүртээ нэг гарын нэг хуруугаа даран хумина. Ийм маягаар оноо авсаар эхэлж 4 оноо авсан нь “Цацлаа” гэж мэдэгдээд хумисан байсан хуруунуудаа дэлгэнэ. 5 дахь оноог эхэлж авсан нь хождог. Хоёр тал оноо авсанаа нөгөө гарынхаа хурууг даран тооцдог байна. Хэрвээ аль нэг нь онож таавал, “дэмбээ мөндөө” буруу таавал ”дэмбээдээ бишээ хө” гэж толгой сэгсрэн дэмбээддэг.

Бас тоо гаргахдаа заавал эрхий хуруугаа гаргах ёстой. Гаргахгүй бол бууж өглөө гэсэн үг.

Мөн дэмбээг тоглоход маш олон уран арга мэх, заль бий. Жишээ нь: Гарын дээшээ харуулсан, доошоо харуулсан нь хүртэл хурууны тоонд нөлөөлдөг учир гараа маш хурдтай эргүүлснээр, өрсөлдөгчийхөө толгойг эргүүлдэг, “цацах”-даа гараа хаа нэг тийш сунгадаг тул үүнийг өрсөлдөгчөө сандран мэгдүүлэхэд ашиглах, хуруу гаргаж байхдаа нүүр рүү нь гараа сунган анхаарлыг нь сарниулах гэх мэт өчнөөн олон аргууд байдаг ажээ.

Аялгууны хувьд нутаг нутгаасаа хамааран, яльгүй өөр байх боломжтой бөгөөд, дээр дурдсанаас арай өөрөөр тоонуудаа шүлэглэх боломж нээлттэй.

Тоглохдоо тоо таана, тоогоо шүлэглэн хэлнэ, шүлгээ аялгуулан айлдана, мөнхүү дундуур нь элдвийн заль ашиглана гээд маш олон чадвар зэрэг шаарддаг. Үүнээс үзэхэд, дэмбээг тогловол хэл яриа, авхаалж самбаа үлэмж сайжрах нь яриангүй.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !