Зөвлөгөө

ХУУШУУРНЫ ТУХАЙ ХӨГЖИЛТЭЙ БАРИМТУУД – Хадгалаад аваарай

СҮҮЛИЙН ҮЕД СОШИАЛД ТАРХААД БАЙГАА ХУУШУУРНЫ ТУХАЙ ХӨГЖИЛТЭЙ 24 БАРИМТЫГ ДЭЛГЭЖ БАЙНА

 

Баримт 1: Монгол хуушуурыг: А.нимгэн, Б.супер нимгэн, В.ультра хөнгөн гэж 3 ангилна.

Баримт 2: Наадмын анхны хуушуурыг хайраад “Өднөөс хөнгөн байж, сумнаас хурдан борлог” гэж ерөөдөг байжээ.

Баримт 3: Зарим хуушуурыг удаан хугацаанд үлээлгүй хөргөх хэрэгтэй. Үлээвэл хийсчихнэ.

Баримт 4: Зарим хуушуураас мах олддоггүй нь “хоосон чанар мөн” гэж лам нар хэлдэг.

Баримт 5: “Хамгийн сайн хуушуур бол идэж амжаагүй хуушуур” гэж Аристотель хэлсэн байна.

Баримт 6: Эрчүүдийн салан зангаас болж хуушуур бүх цаг үед эхнэрүүдийн дайсан байсан.

Баримт 7: Хуушуурыг “халуунаараа халуун” ба “хөрсөн халуун” гэж хоёр хуваана. Халуунаараа хуушуурыг пээчинд халаасан, тосонд халаасан, халуунаар нь байлгасан, наранд ээсэн, гарын алгаар халаасан, амьсгаагаараа халаасан гэж ангилна.

Баримт 8: Эрдэмтэд хуушуурыг насжилтаар нь уржигдрын шинэ, өчигдрийн шинэ, өнөөдрийнх шиг шинэ гэж ангилжээ.

Баримт 9: Хуушуур хавтгай байдаг нь глобалчлал, технологийн дэвшлийн үрээр дэлхий хавтгай болохыг бэлгэдсэн хэрэг байжээ гэж археологичид хэлж байна.

Баримт 10: Монголчууд 70 сая жилийн өмнө хуушуур хийдэг байсны нэгэн баталгаа бол тиранозавр Батаар юм.

Баримт 11: Батаарын яс нь олдсон боловч мах нь олдоогүй билээ.

Баримт 12: Хуушуурын мах маш бага, харин гурил хавьгүй их буй нь хүн ам цөөнтэй ч нутаг дэвсгэр том гэсэн санаа ажээ.

 

Баримт 13: Хуушуур жижгэрэхийн хэрээр үнэ нь нэмэгдэж байдаг нь жижиг улс ч үнэ цэнэтэй байдгийн бэлгэдэл ажгуу.

Баримт 14: Монголд анх хуушуур хайрахад анхны Ерөнхийлөгч П.Очирбат ихэд сонирхон иржээ. Тэрээр амталж үзээд баярласандаа тосыг нь дээлэндээ арчсан. Гэвч тэр хариад эхнэртэй загнуулжээ.

Баримт 15: Зарим нутагт морины хүүхэд хөнгөн байхыг бэлгэдэж хуушуураа нимгэлдэг.

Баримт 16: Хуушуурын махыг илүүдэл жинтэй иргэн цөөрөхийг бэлгэдэн зориуд багасгадаг.

Баримт 17: Гэрэлтсэн нимгэн хуушуур нь “ирээдүй гэрэлтэх”-ийг бэлгэдсэн ерөөл агуулна.

Баримт 18: Хятадууд хуушуурын маханд янз бүрийн нарийн ногоо байцаа жууцай хольсоор нарийн хоол болгох бодлоготой, харин оросууд гурилд нь дрож нэмж хөөлгөсөөр байгаад пирожки болгох санаархалтай хэмээн монголчууд сэжиглэдэг. Эдгээр хандлагыг нарийн хуушуурын бодлого, өргөн хуушуурын бодлого гэнэ.

Баримт 19: Хуушуурын тухай шилдэг эшлэл олон. “Монголын хуушуурыг 200.000.000-д хүргэх хэрэгтэй” Сталин. “Хуушуурд, хуушуурд, бас дахин хуушуурд” Ленин. “Миний хуушуураас бурхан гуйсан ч бүү хазуул” Модун.

Баримт 20: Хуушуураа магтан дуулсан олон сайхан мөр бадаг ард түмний сэтгэлд хоногшсон юм. Жишээ нь, “Миний монголын хуушуур бусдын нутагт гурилаа гээдэггүй…”, “Зүлгэн дээр гуанзаа бариад, зүгээр л нэг хуушуурдах юмсан”, “Хуушуураа хөргөгчид муудсан байхыг харлаа, хувьгүй тогооч оо, би”…

Баримт 21: Хуушуурын сэдэвтэй олон арван дууг одоо ч аялсаар байна. Тухайлбал, “Үе үехэн шүлс гоожмоор, үнэн хонгор (шаргал) хуушуур юм аа хө” , “Гурилаа тайл, хуушуур минь”…

Баримт 22: Мөн түлэгдсэн ч гэсэн амт чанараа алддаггүй монгол хуушуурын тухай “хар хархан хуушуур” дуу олон түмэнд машид үнэлэгджээ…

Баримт 23: Монголчууд “Хуушуур гурав хуваагдавч буузны дайтай” хэмээн бахархдаг. Мөн “Аавын бийд гуанз хэсч, агтны бийд хуушуур ид”, “Могойн эрээн гаднаа, хуушуурын эрээн дотроо” хэмээн хэлэлцдэг аж…

Баримт 24: Монгол хуушуурыг махныхаа сиймхийгээр хөх цоорхойтой байдаг тул дэлхий нийт андахгүй.

 

Хуушуур бас онигоотой

Наадмын талбайд зарж байсан хуушуураас авсан нэгэн эр халуун хуушуурыг хоёр алга руугаа ээлжлэн шидэж байсныг харсан найз нь: Чи ингэж байхаар үлээгээд хөргөөч дээ гэхэд нөгөө эр: Үлээхээр хийсчих гээд байх юм байна ш дээ гэж хариулсан гэдэг.

Билгүүн номч их эрдэмтэн Б.Ринчин нэгэн гуанзанд ороод хоёр ширхэг хуушуур захиалж авчээ. Тэрбээр хуушуураа идэж дуусаад суугаад л байх юм гэнэ. Зөөгч бүсгүй түүн дээр очиж: -Та дахиад юм захих уу? гэхэд их эрдэмтэн маань: Үгүй ээ. Би хоёр хуушуур аваад сая гурилыг нь идчихлээ. Одоо махыг нь хүлээж байна гэсэн гэдэг.

Наадмын талбайд явж байсан нэгэн харамч эр хамт яваа найз нартаа хандан: -За даа, “Хурал олширвол ажил муудсаны шинж, хуушуур элбэгшвэл мах муудсаны шинж” гэдэг байхаа, өвгөн чинь гэртээ очиж хуушуур хийж иднэ дээ хэмээсэн гэдэг.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !