Зөвлөгөө

ТАХЬ УНАСАН САЙН ЭРИЙН ДОМОГ – Хадгалаад аваарай

1898 оны үед бололтой,Сэцэн ханы нутагт Ажив,Готов хэмээх ах дүү хоёр сайн эр байсан гэдэг.Энэ хоёр ах дүү угаас гэр орон ядуу учир хар багаас бусдад зарцлагдан байснаа,нас бие гүйцэн эрийн цээнд хүрмэгц уул хаданд орогнон,хулгай хийж, амь зуусаар нутаг хошуунаас гарч баян пүүс талж, энд тэндэхийн адуу мал туусаар нэрд гарчээ. Ах дүүс удалгүй тэр үед хошуу болгонд бий болоод байсан сайн эрсийн зэрэгт хүрчээ. Тэгээд бусад хошуу тамгийн газраас Сэцэн ханы тамгын газар энэ хоёр хулгайчаа татаж авч шийтгэж өгөхийг хүссэн бичиг ирэх болжээ.Ах дүү хоёрын байдал их л хэцүү болж газар сайгүй л эрэл сурал болж их л хэцүүхэн болжээ.Ингээд Готов нь ах болох хүн тул

– Чи бид хоёрын ингэж явах угаас буруу тул тэнгэр бурхан цаанаасаа тэтгэсэнгүй дээ? Одоо эзэн ноёндоо буруугаа хүлээн очьё. гэхэд дүү Ажив нь угийн шөрмөслөг хатуу хүн тул -Зорьсондоо хүрэлгүй энэхэн зэргээс буцах юм бол эхэлж юунд хадан гэртэй, харанхуй замтай явья гэж хэлэлцлээ.Тэнгэр үл таашаасныг яаж мэдээ вэ? Тэгвэл тэнгэрээс унаа гуйндаа гээд говь газар луу хулан тахь барьж унья гээд явцгаажээ. Угаас муудсан 2 морио өдөр нь амрааж, шөнө нь гэлдрүүлсээр унд хоолоо замаасаа базаасаар ганц гүзээ устай говийн зах руу оржээ. Удаан ч явсангүй хоёр морь нь цуваж үхсээр ах дүү 2 эмээлээ үүрэн явган мацсаар айл амьтангүй их цөлийг олон хоног туулжээ.

Авч явсан хүнс ус нь дуусаж харангдаж унах дөхөж явахад Готов нь – Би юу хэллээ дүү минь ингэж ч явах гэж дээ хэмээн гасалж явахад Ажив нь: -Үхэх мөр хаач ялгаагүй үхсэн ч баяд ноёдод хүүрээ үзүүлэхгүй газар энд дээр бус уу гэж явжээ.Тэгэж явсаар Ажив нь элсэн дунд хулангийн ус олжээ.Элс хонхойлон малтаж цэнгэг сайхан хүйтэн ус гаргасан хонхортус ууж овоо сэргэжээ.Тэр усанд баруун хойд зүгээс орж ирсэн зэрлэг адууны жим байна гэнэ.Ажив -За одоо хоёулаа ханатлаа ус ууж аваад гүзээний булан ус бие биедээ аван элс хонхойлон орж нуугдана даа. Энд хулан тахь орж ирэхээс нааш огт өндийж хөдлөж болохгүй,бугуйлаа сайн шиднэ шүү гэжээ.

Тэгээд тэр 2 хулангийн жимний хоёр талд элс хонхойлон нуугдаж,хөлсний үнэр гаргахгүй гэж шарилж өвс норгон биедээ нааж бугуйлаа зэхээд далд хэвтжээ.Нэг шөнө өнгөрчээ.Хулан тахь ер ирсэнгүй. Маргааш өдөр өнгөрч энэ маягаар нүд цавчилгүй хэд хоножээ. Готов энд ерөөсөө юуч ирдэггүй юм байна гэж сэтгэлээр унан унтажээ. Гэтэл гэнэт Ажив исгэрэх чимээнээр ухаа орон сэртэл усны зүг адуу болтой олон амьтан хамар нь тачигнаж,хөл нь пижэгнэж дэрэг дэх жимээр хуй салхи мэт өнгөрөхөд арай гэж бугуйлаа шидтэл юу ч эс тээглэв.

Гэтэл Ажив нь нэг адуу бугуйлдчихсан чирэгдэн зүүгдэн,цаад адуу нь чарлан цамнаж сүйд болж байна гэнэ. Бушуухан оосорлоод ав гэж Ажив хашгиран элсэнд уллан чирэгдэж,тэр адуу сэнс мэт эргэж цамнан чарлах нь аюултай. Хоёул зөндөө будилжээ гэвч хүн л юм хойно адгуусыг дийлж эмээл тохон Аживын унаа болжээ.Тэгээд дахин нэгийг барья гэсэнд түрүүчийн явдалд үрэгдсэн Готов үүгээр л зогсъё гэжээ.Ингээд Ажив урьдын ажилаа үргэлжлүүлэн Готов эзэн ноёндоо буруугаа хүлээн очижээ.Гэтэл эзэн ноён нь Аживыг барьж өг гэж хар гэрт хорж эрүү тулагжээ.

Тэр Сэцэн хааны нутаг т наадам болж Ажив арав гаруй жил ирээгүй нутгынхаа наадамд иржээ.Унсан хүн нь энгийн унуулсан хүлэг нь энгүй хачин тэр бүхнийг наадамчин олон сонирхож Аживыг таниж барьж өгөх өнгөтэй болоход Ажив асарын өмнө морьтойгоо гарч – Өөрийн хошуунаас өнчин ишиг ч аваагүй өдий олон жил болоод нутгийн наадмаа харья гэж иртэл юунд намайг хавчиж барих гээ вэ гэж хашгиртал -Ахыгаа бодож төрийн өмнө буруугаа хүлээ гэтэл Ажив –

 

Гарт нь гав зүүсэн эзэнд нь хэл

Газрын холыг даагаагүй өөрт нь хэл

Ганц дүүгээсээ зугтсан заяанд нь хэл

Хан эзэний нутаг хавчаад байвал

Халхын нутаг мундахгүй гээд ганц исгэрэн хул хонгор тахь хурдлан ухасхийж хурсан олон тоосонд нь үлдсэн гэдэг. Хурдан хөлт тахь унасан хатуу ширүүн тэр эрийг ямар ч сайн мориор хөөгөөд барьж чадаагүй энэ явдлаас хойш сайн эрсийн яс нь баруун нутаг руу зүглэсэн гэж хөгшчүүд өгүүлдэг билээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !