Дэлхий дахинд

МАНЖИЙН ЕСӨН ЭРҮҮ ШҮҮЛТ ДАВСАН ХУНДАН БАДАМЖАВ – Хадгалаад аваарай

Хийсэн хэргээ хэзээ ч нууж байгаагүй сайн эр байсан гэдэг. Хөрөнгийг нь хурааж байхыг үзсэн хүмүүс ч байдаг ба 41 мөнгөн аяга хоймортоо тавьчихсан, цоохор голдуу 300-аад адуутай айл байсан гэнэ. Өвөрхангай аймгийн харьяат зохиолч, яруу найрагч Балсанцэрэнгийн Ойдовын бичсэн “Ар халхын шилийн сайн эрчүүд” цуврал номын тавдугаар дэвтэрт өндөр настан, аймгийн начин Довгорын Жамбал гуай ярилцлагандаа “сайн эр Хундан Бадамжав нь Увс нутаг хүртэл явж тэндэхийн эзэрхэг ихэс дээдсийн сангийн сүргээс таслан хөөн ирж нутгийн ядуусаа хөлжүүлж, унаажуулж байсан” хэмээжээ.

Тэрээр нутгийн нэгэн хуншгүй баян болох Дэгээ Лхамжавтай байнга тэрсэлдэж “Би алс хол энэ биеэ чилээж, эмээлт морио зовоож явж адуу хөөж ирэн ард олноо унаажуулж байхад чи хөндий дүүрэн олон адуунаасаа ганц морь бариад ядарсан хүнийг унаажуулж чадахгүй яасан баян бэ?” гэхчилэн тэрсэлддэг байсан тухай уг номд бичжээ. Дэгээ Лхамжав нь их баян хүн байсан учир хөрөнгө мөнгөөр “зодож”, нутгийн хамгийн сайхан хүүхэн гэгдэх Мээм гэгч хүүхнийг гэргий болгон авсан нь тэр баяны хөрөнгөнд сагаж ихэмсэг дээрэнгүй нэгэн болжээ .

Нэг өдөр Лхамжавынд хөлгүй найр болж байхтай Хундан Бадамжав таарч гэнэ. Найран дээр яваад ортол Шилийн сайн эрийг ойшоож үзэх хүнгүй бөөн л дуу хуур болоод байв. Бадамжав зориудаар олны анхаарлыг татах арга сэдэж, Мээм хүүхний жаахан хүүг урдуураа өнгөрөөд гарангуут барьж өвөр дээрээ аваад “Энэ миний хүүхэд байгаа юм. Эцгийгээ таниад хүрээд ирлээ. Аавынх нь хонгор азаргатай адуунд хоёр алаг үрээ байгаа, нэгийг нь миний хүү аваарай” хэмээжээ.

Найрлаж байсан хүмүүс сая л Бадамжавыг анзаарч юу болов энээ тэрээ болтол ичсэндээ болж нүүр нь чавга шиг улайсан Мээм авгай бөөн уур болж, “Энд юун гуйлгачин орж ирээд байна вэ?” хэмээж. Баян Лхамжав ч сандран түүнийг барих хүлэх юм болтол Хундан Бадамжав юу ч болоогүй юм шиг гарч уяан дээрээс морио тайлан мордоход унаж явсан морь нь Увс нутгийн алдартай жороо хүлэг байсан учир усан тэлмэн жороолсоор алга болоход баян Лхамжав баахан хүмүүс гарган бариулахаар хойноос нь нэхүүлсэн боловч хоёр гүвээ даваад бараа тасарсан ажээ.

Халхын шилийн сайн эр Хундан Бадамжав хараал жатгыг зайлуулах гэж Доржзодов хэмээх судар номыг байнга уншиж хийморь лундаагаа сэргээдэг байсан тухай “Ар Халхын шилийн сайн эрчүүд” номонд өгүүлсэн байдаг.

Одоогийн Баянхонгор Эрдэнэцогт суманд түүний тууж ирсэн болоод адуу малаа хурааж байсан Их цагаан агуй, Бага цагаан агуй хэмээх хоёр агуй бий. Олон ч айлыг малжуулж хөлжүүлсэнийхээ хэргийг үүрч Манжийн 9-н эрүүг давж чадсан цөөн шилийн сайн эрсийн нэг юм.

 

Манжийн хатуу ширүүн эрүү шүүлт Хятадын уламжлал байсан. Хүн есөн эрүүг давж чадваас ямар ч хүнд хэрэгтэн боловч ялгүй болдог байжээ.

1. Туйван /нарийн торлог модоор жанчих/

2. Чавчирга /хонго гуяны хэсэгт банздах/

3. Шаахайдах /хацрыг үрж, шувтрах маягаар жанчих/

4. Хулсан хадаас /хумсны завсар хулсан хадаас хийх/

5. Сараалж /ирмэгтэй мод буюу сайр чулуун дээр сөгдүүлж, тахимд мод хийж хоёр үзүүр дээр нь хүн гишгэнэ/

6. Дүүжин /хэрэгтнийг 7-9 туйпуун дээр зогсоож хоёр гарын эрхий хуруугаар модноос дүүжлэн туйпууг нэг нэгээр сугалан авч тарчилгадаг/

7. Хөшүүр /4 мөчийг сугалах аргагүй хийж цоожлон орхих/

8. Төөнүүр /нуруу буюу гуяны зузаан махыг хүж асааж төөнөх/

9. Хавчуур /эрэгтэй бол хөлийг нь, эмэгтэй бол гарыг нь хавчин шийтгэх/ гэх мэт болно

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !