Дэлхий дахинд

БАРУУН АЙМГУУДААР НАР ЗӨВ АЯЛАХ ЖИМ – Хадгалаад аваарай

УБ – Элсэн тасархай 280км

Нийслэлээс өглөө гарч элсэн манхан, өвөрмөц бүс газар болох Элсэн тасархай руу хөдөлнө. Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнөхан уулын баруун талаар сунаж тогтсон 80км орчим урт элсэн манхан юм. Хөгнөхан уул нь Монголчуудын эртнээс шүтэж ирсэн халхын алдарт 4 уулын (Нагалхан, Богдхан, Батхан, Хөгнөхан) нэг юм.

Төв засмал зам энэ элсэн манханг хувааж байдаг бөгөөд өмнө хэсгийг нь Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэдэг. Элсэн тасархайн бүсэд Хөгнөхан уулын өвгөн, залуу хийдийн туурь, Мойлтын амны хадны сүг зураг, Хадагт хошуу, Рашаантын агуй, монгол элсний дунд орших Ширээт цагаан нуур, Өндөр гэгээн Занабазартай холбоотой дурсгал зэрэг гайхамшигт газрууд олон бий.

Түр саатаж зураг хөргөө авахуулсаны дараа Элсэн тасархайн дэргэдэх Тахилт нуур очно. Уг нуур хэдий жижиг боловч байгалийн өвөрмөц эко системийн хувьд гайхамшигтай бөгөөд зэгс нилээд өндөр ургана. Хөгнөхан хэмээх үзэсгэлэнт уул хойд талдаа, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино. Зундаа усны олон төрлийн шувууд нүүдэллэн ирдэг энэ нуур нь Элсэн тасархайн тарамцаг тогтоцын яг хажууд байрлах ба төв замаас 6км зайтай.

Элсэн тасархай – Арвайхээр 153км

Үдийн хоолоо идсэний дараа Өвөрхангай аймаг руу довтолгоно. Тус аймгийн 9 гайхамшиг:

Арц Богд уул,

Хужирт рашаан сувилал,

Монгол түмний морины их шүтээн,

Хар хорум хот,

Эрдэнэзуу хийд,

Тэвш уул,

Төвхөн хийд,

Улаан цутгалан

Хүйсийн 8 нуур.

Арвайхээр хотод бензинээ дүүргэчихээд Монгол түмний морины их шүтээн аймгийн төвөөс 15км-т алдарт Арвайн талд залж бүтээсэн их шүтээн цогцолбор дээр саатна. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар. 1709 онд ламын гэгээнийг 5 настай II дүрд тодруулан ширээнд залж их даншиг наадам хийхэд 1000 гаруй хурдан хүлгээс Аравгар хээр морь түрүүлж мөнхөрсөн ажээ.

Хагас тойрог хэсэгт 12 багана босгож, хойморт нь 3м өндөр Дамдинянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярвааг бүтээж шилэн гуунд байрлуулжээ. Төв дунд нь газар газрын хурдан морины төлөөлөл болгон алдарт Аравгар хээрийн хөшөөг босгож, хүрд ба сангийн бойпор байрлуулсан бөгөөд 96 суварга нь 2.6м өндөр бол үлдсэн 12 суварга нь 3м өндөр юм. Суварга болгоны сууринд жаргалын 8 морийг 2 хоёроор нь 4 талд нь гадагш харуулан бүтээж, суурины дотор талд нь 8 тахилыг товойлгосон байна. Эдгээр нь бурхадад байнгын өргөл өргөж байгааг илтгэхийн зэрэгцээ ард түмэн маань жаргалын 8 морь шиг үргэлжийн аз жаргал, цог хийморьтой байхыг бэлгэджээ.

 

Арвайхээр – Баянхонгорын Өлзийт сум 196км

Арвайн талаас Өлзийт сум руу засмал замаар явсаар Түйн гол дээр эхний шөнөө галын наадам хийж хоногломой. Өглөө эртлэн босч сумаас 30км баруун урагш байрлах Ээжийн цагаан хөшөөн дээр (Ойрдын их Галдан бошигт, Халхын Өндөр гэгээн Занабазарын цэрэгт дийлдэгдэн ухрах замдаа Галдан бошигт ээжийгээ зүүдлэн хоносон газар) очно.

Энэ цаг мөчөөс Халхын нутаг руу довтлохгүй хэмээн ээждээ тангараг өргөсөн гэсэн айлдвар Ламын гэгээний их сударыг тайлахад бичигдснээр 1996 оноос Ээжийн цагаан хөшөө хэмээн нутгийн иргэд төдийгүй монгол орны өнцөг булан бүрээс иргэд ирж мөргөдөг болжээ. Буцахдаа 4 баатрын хөшөө болон Тэмээн таваг үзчээд халуун рашаан болох Бага Шаргалжуут руу 40км явж хүрнэ.

Бага Шаргалжуут нь Өлзийт сумын Нарийн гол гэдэг газар аймгийн төвөөсөө 45км зайд оршдог, далайн түвшнээс дээш 2190м өндөрлөгт оршдог бол их Шаргалжуут 1945м өндөрт байдаг. Иймээс их Шаргалжуутын рашааныг бага Шаргалжуутаас эх авсан хэмээн үзэх нь олонтаа. Шаргалжуутын рашаан гэж дэлхийн төв дэх энергийг гадарга дээр гаргаад ирж байгаа юм шүү дээ. Энергийг хэмжих хамгийн энгийн хялбар арга нь дулаан. Тэр рашааны температур 96 хэм хүрдэг аж.

Шаргалжуутын рашааныг 300 гаруй жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн түүхийг гэрчлэх ул мөр одоог хүртэл хадгалагдан байдаг ба халууны хэмийг чулуун дээр тодорхой бичсэн байдаг. 2014 онд ШУА-ийн Химийн технологийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэд азотлог, эмчилгээний хүчин чадал сайтай, цайрын хүчил болоод исэл өндөртэй тус рашаанд 16 төрлийн анагаах увидастай рашаан буйг тогтоожээ. Рашаан дээр хоночоод Баянхонгор аймгийн төв рүү хөдөлнө. Баянхонгор аймгийн 9 гайхамшиг:

Цагаан агуй,

Бичигт хад,

Шатар чулуун хөшөө,

Түрэгийн үеийн бичээс

Бүгийн цавын хоолой,

Шаргалжуутын халуун рашаан,

Их Богд уул,

Холбоолж нуур,

Галуутын хавцал.

Хэрэв Баянхонгор аймагт очвол хүн төрөлхтний анхны соёлоос эхлээд эртний хүмүүс амьдарч байсныг нотолсон Цагаан агуй, өөр гариг ертөнцийн оюун ухаантнуудын бүтээл байж болох Цагаан булагийн хадны дүрс зургууд, эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн түүх, соёлын дурсгал болох Бичигтийн хөндийн хадны сүг зургууд, байгаль өвөрмөц сонин тогтоцтой, анагаах эдгээх чадвараараа хосгүй 96 хэмийн халуун Шаргалжуутын рашаан, эртний хаад ноёдын хуралдан чуулж байсан Заг-Байдрагийн Хүрэнбэлчир, одоогоос 100-200 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга биет динозаврын чулуужсан яс зэрэг бүхий Бүгийн цав, Ногоон цав, энэ дэлхий дээр анх монгол нутагт шатар үүссэнийг гэрчлэх Шатар чулууны хөшөө цогцолбор, дэлхий дээр зөвхөн манай аймгийн нутаг говийн дархан газарт цөөн тооны байдаг говийн баавгай хэмээх Мазаалай зэрэг гайхамшгуудыг үзэх боломжтой.

Баянхонгор аймаг байгалийн олон бүс бүслүүр буюу хангай, тал хээр, говь, цөлийн үзэсгэлэнт байгалийг хамран оршдог. Монгол улсын төвд орших бөгөөд аймгийн төв нь Улаанбаатараас 630км зайтай оршино. Нутаг дэвсгэрийн хэмжээ 116 мян хав дөр км. Малын тоогоор тэмээ ба ямаагаар улсад тус бүр 2-т ордог. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 20 сум, 101 багтай.

 

Баянхонгор – Говь-Алтай 383км

Алтай хот нь Улаанбаатараас 1001км зайтай. Газар нутгийн хэмжээ нь 141.4 мян хав дөр км. Говь-Алтай аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд Монгол Алтайн нурууны салбар уулс болох Хантайширын нуруу, Далангийн нуруугаар хүрээлэгдэн далайн түвшнээс дээш 2167м өндөрт оршдог. Манай орны аймгуудын төв дотроос хамгийн өндөрт оршино.

Сутай, Бурхан Буудай, Алагхайрхан, Ажбогд, Гичгэнэ зэрэг өндөр уулууд оршино. Байгалийн үзэсгэлэнт газар болох Адуун чулууны гол, Зэлийн гол, Өлийн хавчиг, Богочийн даваа, Оцон цахир, Рашаантын булаг, Цахир хаалга, Цахир булаг зэрэг газрууд байдаг. Мөн Шарга, Бигэр, Хүйс зэрэг томоохон хотгоруудад нь чулуун нүүрс, үнэт чулуу, барилгын материал зэрэг ашигт малтмалтай. Тус аймагт дэлхийд нэн ховордсон бөхөн, хулан, хавтгай болон бусад олон төрлийн амьтад амьдардаг. Тус аймагт Хятад руу гарах Бургастайн хилийн боомт Алтай суманд бий. Говь-Алтай аймгийн 9 гайхамшиг:

Ээж хайрхан уул,

Бурхан буудай уул,

Сутай хайрхан уул,

Цагаан голын хадны зураг,

Монгол элс,

Хасагт хайрхан уул,

Аж богдын нуруу,

Эрээн нуур,

Шаахар толгой.

Ээж хайрхан уул нь Алтайн өвөр говийн уудам зайд уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин уул юм. Монголын баруун өмнө зүгт Алтай хотоос 200км зайтай оршино. Д.т.д 2277м өндөр бөгөөд 1992 оноос тусгай хамгаалалтанд авчээ. Ээж хайрхан ууланд өвөрмөц тогтоц, ховор сонин үзмэрүүд олон байдаг ба зүүн өмнө хажуугийн чулуулгийн гав судал дагаж цувран тогтсон ногоон хүрээтэй 9 чулуун тогоо бий.

Тогоонуудын амсарын дундаж өргөн нь 2-3м бөгөөд хоорондоо 40-50см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. Эдгээрийн 4 дэх нь хамгийн том бөгөөд түүний гүн нь 4м хүрдэг. Харин 9 дэх тогоо нь бусдаасаа нилээд тусгаарлагдмал. Энэ ууланд хүн амьдарч байсан ул мөр бүхий агуй бий. 9 тогооны ойролцоо орших ба тэдгээр тогоо харсан нүүрэн талыг битүүлж хаалга, гэгээвч гарган тохижуулсан ламын агуй юм. Эдгээрээс гадна Ембүү хад, мэлхий хад, эхийн хэвлий хад, тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий. Ембүү хаданд мөргөсөн хүн 9 үеэрээ эд мөнгөөр элбэг, дэлбэг явна гэж сүсэглэдэг. Эхийн хэвлий хадаар гарсан хүн болгон ахин төрсөнтэй адил болно гэх ба Тагтаа хаданд үр хүүхэд тогтдоггүй айл ирж сүсэглэн үр хүүхэдтэй болсон жишээ олон бий.

Ээж хайрхан уул нь уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших боржин чулуун уул бөгөөд 93 зүйл ургамал тархсан гэж эрдэмтэд тогтоожээ. Ээж хайрхан уул нь Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондын хотгорт орших бөгөөд аргаль, янгир, цоохор ирвэс, хярс, мануул, үнэг, чоно элбэг байдаг. Хахилаг ятуу, хулан жороо, ногтруу, уулын цэгцгий, жороо тоодог зэрэг олон зүйл ховор шувууд бий. Ээж хайрхан уулыг тойроод буудайн тариалангийн талбай бий. Нутгийн хүмүүс тариалангийн талбайд зориулж 33см өндөр, 12м өргөн даланг барьжээ.

1: Алтай хот 73км-Хүнхэр амралт 16км-Сүмийн дэнгийн хүн чулуун хөшөө 46км-Эрээн нуур 90км-Долоон тогооны талын агуй 25км-Тайшир сум 3км-Харандаа хад 15км-Тайшир УЦС 55км-Алтай хот гээд нийт 323 км.

Хүнхэр амралт-Хасагт хайрхан уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600м өндөр өргөгдсөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг Хүнхэрийн гол Алтай хотоос 70км зайтай оршдог. Амралтын бүсэд орших Хүнхэр голын рашааныг нутгийн ард олон 200 жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид, гидрокарбонат, кальци, магни, натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.

Сүмийн дэнгийн хүн чулуун хөшөө-Жаргалан сумын төвөөс баруун урагш 20км зайтай. Сүмийн дэнж хэмээх газарт Түрэгийн үеийн хүн чулуу, хашлагаас бүрдсэн 5 цогцолбор бий. Хамгийн өмнө захын хашлагын урд байсан чулууг одоо Алтай хотын музейн үүдэнд аваачиж тавьжээ. Улбар өнгийн нягт хатуу боржингоор биеийн эд нүүрэн хэсэг товойлгон дүрсэлж мөн баруун гараа энгэр тушаа авч хундага барьсан, зүүн гараа бүсэн дээрээ тавьсан, бүснээс нь жижиг махир хутга, сэлэм зэргийг зүүсэн байдалтай дүрсэлсэн байна.

Үүний хойд талд 2м зайтай орших 3.4м хэмжээтэй чулуун хашлагын зүүн талд хар толботой улбар шаргал боржингоор хийсэн хүн чулуу зоолттой байна. Дараагийн хашлага түрүүчийнхээсээ 1.3м зайд байрлах ба үүний хажууд мөн нэг улбар боржингоор хийсэн 1.5м өндөр, 0.27 м өргөн, 0.2м зузаан босоо хүн чулуу сул хэвтэнэ. Хамгийн хойд захын хашлага 2.55м хэмжээтэй. Эдгээр хүн чулууны хийц дүрслэл тахилгын байгууламжийн бүтэц зохион байгуулалт зэрэг нь Түрэгийн үеийн дурсгал болохыг гэрчилнэ. Евроазийн тал нутагт нийт 750 гаруй хүн чулуун хөшөө байдагийн 550 нь Монгол оронд байдаг ажээ.

Эрээн нуур-Завхан гол Хангайн нурууны оргил Отгонтэнгэр уулаас эх авч 765км урсаж Айраг нуурт цутгахдаа Жаргалан сумын нутгаар 90км урсаж Эрээн нуурыг шууд болон газрын гүнээр дамжуулан тэтгэж байдаг юм. Эрээн нуур нь эргэн тойрон өндөр өндөр элсэн манхануудаар хүрээлэгдэн элсэн дунд үүссэн өвөрмөц тогтоцтой, загастай, цэнгэг устай үзэсгэлэнт нуур юм.

Нуурын ойролцоо бургас, хус мод, завхан голын тохойрч мушгирсан хөндий арлуудаар ургах ба элсэнд нь бор бургас, боролзгоно, суль, сульхир, чацаргана их хэмжээгээр ургадаг нь байгалийн сонин содон гайхамшгуудын нэг юм. Эрээн нуураас баруун тийш 6км-т танан цагаан өнгөөр гялтагнан цайрах цагаан давс, малын хужир бүхий Дөрөө нуур, Эрээн нуураас элсэн манханаар тусгаарлагдаж оршино. Нуурын баруун талын хөндий арын их элсэн манханд хар сүүлт, цагаан зээр хэдэн зуугаараа, чоно үнэг, мануул, хярс, янгир, ямаа, нэлээд элбэг, цөөн тооны аргаль угалз байдаг.

Түргийн үеийн хүн чулуун хөшөөнүүдийг сонирхож, алдарт Монгол элсний дунд орших нууранд орж, наран шарлаг хийх ба элсний аялал хийж талын агуйгаар орж түүх, хүний гараар бүтээгдсэн гайхамшиг УЦС-ын үйл ажиллагаатай танилцан ая тухтай амралтанд хүрч болно.

Харандаа хад-сумын төвөөс 3км зайд орших энэхүү хад нь галт уулын дэлбэрэлтээс үүссэн лавын урсацаас тогтсон өвөрмөц тогтоцтой, 6 талтай баганан хүрмэн чулуунаас тогтсон толгой юм. 6 талтай хүрмэн чулуу маш ховор ба ийм толгой Дорноговьд аймгийн Дэлгэр сумд, мөн өмнөд Солонгосын Чежү аралд байдаг ажээ.

Тайширын УЦС-тус станц нь 130м өндөр хадан хавцлыг газрын гүнд 20м голын эргээс дээш 50м өндөр, 75м өргөнтэй, 190м урт далан барьж байгуулсанаар 50 км/кв талбайтай, 930 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сантай нуур үүсгэсэн, хүмүүс болон техник хэрэгслийг далан дээр хүргэх 350м урттай тунел бүхий хүний гараар бүтсэн гайхамшигт бүтээл юм.

 

Говь-Алтай – Ховд аймаг 402 км

Ховд аймаг нь Монгол Алтайн их уулсын бүсэд орших бөгөөд Мөнххайрхан, Хөхсэрхийн нуруу, Баатархайрхан, Мянган угалзат зэрэг том том уул нуруудтай. Аймгийн нутгийн 20 хувийг говь-тал эзэлнэ. Нүүрс, гялтгануур, болор, барилгын материалын баялагтай. Булган суманд хятад улс руу гарах хилийн Ярант, Байтаг хоёр боомт бий.

Захчин, мянгад, дөрвөд, урианхай, казак, торгууд, өөлд гэх мэт үндэстэн ястангууд амьдарч бүгд өөр өөрсдийн суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас, дуу бүжиг зэрэг соёлын ялгаануудыг бий болгосон байдаг. 200 гаруй жилийн настай өргөн улиаснууд энэ хотыг чимэглэн байдаг. Хамгийн их модтой аймгийн төв юм. Ховд аймгийн 9 гайхамшиг:

Цэнхэрийн агуй,

Хар-Ус нуур,

Мөнххайрхан уул,

Баянзүрхийн буган хөшөө,

Төрийн тахилгат Алтанхөхий уул,

Харуул овоо,

Ямаан усны хадны сүг зураг,

Цамбагарав уулын байгалийн цогцолбор газар,

Ишгэн толгойн хадны зураг.

Энэ дундаас гадаадын жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг газар бол мөнх цаст Цамбагарав уул ажээ. Энэ уулын орчимд 200 орчим булаг шанд, эмчилгээний чанартай рашаанууд байдаг тул жуулчид уулын өвөрт байрлан амарч сувилдаг байна. Хар ус нуур Ховд аймгийн үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд гадаадаас ирсэн жуулчид газрын диваажин хэмээн магтан биширдэг байна.

 

Ховд – Баян-Өлгий 217км

Баян-Өлгий аймаг нь хамгийн баруун захад Монгол Алтайн уулсын бүсэд далайн төвшнөөс дээш 1301-4374м өндөрт оршино. Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-тай 450км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-тай 225км хиллэдэг. Өндөрлөг газар оршдог учраас уур амьсгал ерөнхийдөө сэрүүн байдаг. Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай.

Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай. Ховд гол нь 506км үргэлжилдэг. Толбо, Ачит нуур нь загас агнуурын нөөцтэй. Бүргэдээр ан хийх ёс нь 250 гаруй жил үргэлжилж ирсэн уламжлалтай юм. Баян-Өлгий аймгийн 7 гайхамшиг:

Ёлтын сав газар,

Алтай таван Богдын цогцолбор,

Потанины мөсөн гол,

Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг,

Бага түргэний хүрхрээ,

Толбо нуур,

Ачит нуур.

Алтай таван богдын байгалийн цогцолборт газар Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгаль, аргаль, янгир, халиун буга зэрэг хөхтөн, алтайн хойлог, нөмрөг тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжлүүлэх зорилгоор тусгай хамгаалалтад авсан.

Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар нь хойт талаараа ОХУ, баруун талаараа Таванбогдоос урагш Өвчүү уул хүртэл БНХАУ-тай хиллэдэг бөгөөд уртаашаа 186км, өргөөшөө 42км газар нутгийг хамардаг Монголын хамгийн өндөр уул юм. Цаг агаарын хувьд хамгийн тогтворгүй газруудын нэг бөгөөд нэг өдрийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл ажээ.

Ёлтын сав газар Алтай суманд байрладаг. Уг газар нь унаган төрхөө харьцангуй хадгалсан, дэлхийд ховордсон амьтан, ургамлын тархсан нутаг, ойгоор бүрхэгдсэн үзэсгэлэнт байгальтай мөн эх газрын эрс тэс уур амьсгал зонхилно. Ёлтын сав газар нутгийн ихэнх хэсэг уулархаг ой зонхилдог учраас харьцангуй сэрүүвтэр, чийглэг байдаг байна.

Потанины мөсөн гол-Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд ууланд байдаг хамгийн урт мөсөн гол юм. Потанин мөсөн гол урт нь 10.4км урт ба урсах явц нь 4365-2873 метрт явагдагдана. Энэ мөсөн голыг 19-р зууны сүүлч 1876-1880 онуудад нээсэн Оросын судлаач эрдэмтэн Потанины нэрээр нэрлэсэн. Мөсөн гол гэдэг нь уулархаг, налуу газарт олон мянган жилийн мөс, цас, хуримтлагдан нягтарснаас болж бий болдог.

Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг-Улаанхус сумын нутагт Алтай таван богдын Бага Ойгар, Усайн Цагаан салаагийн голын савд байдаг. Өргөн нь 500м, урт нь 15км үргэлжлэх нутагт тархсан хадны сүг зураг бөгөөд шинэ чулуун зэвсгээс хүрэл зэвсгийн үе хамарсан 8000 жилийн түүхийг агуулдаг. Эрт балар цагийн хүмүүсийн хойч үедээ үлдээсэн зурган захиа бөгөөд нийт 10 мянга гаруй сүг зураг тоологджээ.

Бага Түргэний хүрхрээ-Алтай Tаванбогдын байгалийн цогцолборт үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэний хавцалд орших Бага түргэний хүрхрээ өндөр нь 15м бөгөөд тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндрөөс урсдаг. Хавар, зун уулын ширүүн урсгалт голыг өгсөж энэ нутгийн унаган загас болох Монгол хадран элбэгтэй.

Толбо нуур-Өлгий хотоос урагш 45км-т төв замын дагууд орших ба цэнгэг устай, мөстлөгийн гаралтай нуур. Толбо нуур 1000-1500м харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Нуурын эргэн тойрны уулсад эртний мөстлөгийн ул мөр тод ажиглагддаг бөгөөд хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж цухуйх 4м өндөр Гичгэний толгой юм.

Ачит нуур-Ачит нуурын усны ил талбай 311 хав дөр км, урт нь 30км, өргөн 16км хүрэх ба 1464м өндөрт оршино. Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсаж цаашлаад Ховд голд цутгадаг байна. Ачит нуур Дэвэлийн арал орчмоор 158 зүйл шувуу бүртгэгдсэн бөгөөд Улаан номонд орсон олон шувууд байдаг. Алтайн сугас, Монгол хадран зэрэг загастай нуур юм.

Баян-Өлгий аймгийн аяллын маршрут:

Хойд чиглэл: Ачит нуур – Ногоон нуурын хүн чулуу – Сүг зургууд – Сийлхэмийн нуруу – Цагаан нуур

Зүүн өмнөд чиглэл: Мөнгөн дөшийн сүг зураг – Эрээн харганатын түрэг бичээс – Ховд гол – Баяннуур – Дэвэлийн арал БЦГ – Цамбагарав БЦГ

Өмнөд чиглэл: Алтайн их уулс – их гол нуур, казах ард түмний амьдрал – Толбо нуур – Хөх сэрхийн нуруу ДЦГ – Чигэртэйн рашаан

Баруун хойд чиглэл: Монгол-Алтайн шинэсэн ой – Цагаан салаагийн хадны зураг – Хар ямаатын чулуу – Цагаан гол – Чулуун хөшөөнүүд – Буган чулуу хөшөө – Бага ойгорын бичээс – Цэнгэл сум – Улаанхус сум – Сагсай сум – Таван богд уул

Казак айлд зочилбол юу анхаарах вэ

Гараа угаахгүй бол хоол идэх эрхгүй-Казахын ямар ч айл (хоноц адилхан) хоол идэхийн өмнө ба дараа нь гараа заавал угаадаг уламжлал болсон сайхан заншилтай. Хэн гуай нь ч бай энэ ёсыг дагахгүйгээр хоолонд гар хүрэх эрхгүй. Гэр бүхэн услаг буюу (сувлак) тослог буюу (маялак) гэсэн усны ба тосны 2 алчууртай байна. Харин ахмад хүмүүсийн ба зочны гарт усыг тэр гэрт байгаа хамгийн бага настай нь хийж үйлчилнэ. Энэ нь бусдыг хүндлэх ёстой холбоотой ажээ.

Аягаа таглахаа мартуузай-Та Казах айлд зочилбол эхлээд шаазан аяганд цай хийж барина. Та цайг нь уугаад баярласнаа илэрхийлэхийн тулд аяганы амсрыг 5 хуруугаараа таглан тавиарай. Хэрвээ ингээгүй тохиолдолд айл танд данхтай цайгаа дуустал хийгээд зогсохгүй дахин цай чанаж өгнө.

 

Баян-Өлгий – Увс 200км

Улаангом хот УБ-аас 1425км зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 69.6 мян хав дөр км. Увс аймаг нь Монголын баруун хэсэгт Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр уул нь 4116м өндөр Хархираа уул юм. Хархираа Тургэний уулс нь залуу атираат уул бөгөөд Хяргас, Увс нуурын хотгороор шинэ төрмөлийн эриний хурдас тархжээ. Чулуун нүүрс, барилгын материалын баялагтай. Мөн жамц давсны асар их нөөцтэй Шүдэн уул энд бий.

Увс аймгийн нутгаар Тэс, Нарийн, Завхан зэрэг том голууд урсах бөгөөд Увс, Хяргас, Үүрэг гэхчилэн том нуурууд оршино. Хар тэрмэсийн, Хавцал боомын, Бургастайн зэрэг рашаан устай. ОХУ руу гарах 2 хилийн боомт байдаг бөгөөд нэг нь Давст сумын нутагт Боршоогийн, нөгөө нь Тэс суманд Тэсийн боомт гэж бий. Увс аймгийн 9 гайхамшиг:

Увс нуур

Хяргас нуур ба Хэцүү хад

Алтан элсний дархан цаазат газар

Ханхөхий уулс

Чандмань уулын дурсгал

Гоожуурын хүрхрээ

Мөнгөт цахир уул

Дэглий цагаан уул

Зураагийн улаан хадны зураг

 

Увс – Завхан 515км

Баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг. Нутаг дэвсгэрийн хэмжээ 82.5 мян хав дөр км. Завхан аймаг нь 24 сум 113 багтай, 1923 онд байгуулагдсан 5 аймгийн нэг юм. УБ-аас 984км зайтай оршдог.

Тус аймаг нь говь хангай хосолсон нутаг дэвсгэртэй ба Завхан, Идэр, Тэс, Мухар, Хүнгий зэрэг 189 гол горхи, Тэлмэн, Бүст, Бадархундага, Ойгон, Холбоо, Хөх нуур зэрэг 91 нуур, төрөл бүрийн халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газартай. Баянзүрх, Зарт, Цэцүүх, Отгонтэнгэр, Даян зэрэг амралт сувиллын газруудтай.

ЗАВХАН НУТГИЙН ХАМГИЙН, ХАМГИЙН

Монгол орны хамгийн хүйтэн өвөл энэ нутагт болдог. 1-р сарын дундаж температур -20-30 хэм ба Тэс сумын нутагт -40 гаруй хэм хүйтэн болдог.

Монгол орны хамгийн их элстэй аймаг. Нутаг дэвсгэрийнх нь баруун, баруун урд хэсгээр Монголын их элс, Борхярын элсэн манханууд 100-200км үргэлжилдэг.

Хамгийн их усны нөөцтэй газар бөгөөд 200-аад түргэн урсгалт гол горхи, 100 шахам том, жижиг нууртай. Усны эрчим хүчний нөөцтэй.

Мал сүргээрээ улсдаа олон жил тэргүүн байр эзэлсэн. Таван хошуу малтай бөгөөд тулман хөхт ямаа, Булнайн сарлаг, Тэсийн голын адуу, Сартуулын ууцан сүүлт хонь, ноолуурын хар ямаа, Талын улаан үхэр зэрэг нутгийн үүлдрийн шилмэл мал зонхилон өсгөдөг.

Завхан аймгийн нутаг дэвсгэр дэх сүг зураг, буган чулуу, хүн чулуун хөшөөн дурсгалууд, XVIII зууны үеийн цэргийн цайз, худалдаа наймааны хот, хүрээ, хийд дуган сүмийн туурь, газар тариалангийн ул мөр бүхий 100 шахам түүх дурсгалын өв тусгай хамгаалалтад байдаг. Түрэгийн үеийн хөшөө дурсгал болох Мөнгөт хясааны хөшөө, Зүрийн овооны түрэг бичээс нь энэ нутагт аялагч, судлаачдын хамгийн их сонирхон үздэг түүхэн дурсгалууд бий. Завхан аймгийн 9 гайхамшиг:

Отгонтэнгэр хайрхан,

Хар нуур,

Загастайн давааны хүн чулуу,

Бор хярын элсэн манхан,

Мухартын гол,

Тэсийн гол Нисэхийн шугуй,

Их хайрхан уул,

Дааган дэлийн буган чулуун хөшөө,

Идэр голын буган чулуун хөшөө

Завхан аймгийн аяллын маршрут:

Маршрут-1:

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр (4021м) уул, Их Монголын элсэн манхан, тал хээрийн бүсийг багтаасан аяллын маршрут. Нийт туулах зам 650км

Улиастай хотоос Богдын гол Мөнгөт хясаа, Богдын голын хүрхрээ, Цагаан нуур, Даян уулын үдлэх цэгт амарна. Туулах зам 50км. Даян уулаас Отгонтэнгэр уул харах, вансэмбэрүү цэцэг үзэх, Долоогийн даваа, Ширээгийн голын үдлэх цэг, Хөндлөнгийн даваа, Отгон сум, Буянт багаар дайран Отгонтэнгэр уулын өвөрт ирнэ 160км.

Цагаан чулуут сумын Бурханы цогцолбор, Жавцаг баг Завхан голоор гаран Эрээн нуурт ирнэ 150км. Эрээн нуур Завхан голын Далтын гарам, Ханийн худагийн хясаа, Ямаан усны үдэх цэг, Алдархаан сум, Улиастай хотод ирнэ 140км.

Маршрут-2

Байгалийн өвөрмөц тогтоц бүхийн Хангай, Говь хосолсон тусгай сонирхлын аялалыг багтаасан маршрут. Нийт туулах зам 665км. Завхан аймгийн Улиастай хотоос эхэлнэ. Улиастай сумаас Их Монгол жуулчны бааз, Хатавчийн амны хүн чулуун хөшөө, Загастайн даваа, Идэр сумын төв Ногоон нуур дахь Маргад ембүү жуулчны бааз. Туулах зам 95 км. Ногоон нуураас Идэр сумын төв, Тун, Жаргалангийн гол, Бөхөн шарын даваа Тэгшийн голын үдлэх цэг. Туулах зам 50км. Тэгшийн голоос Баяжихын даваа, Хангайн нурууны Марз уул, Хажуулын рашаан сувиллын газар ирнэ. Туулах зам 80км. Хажуулын голоо уруудан байгалийн үзэсгэлэнт газраар аялан Тосонцэнгэл сумын Skyline зочид буудалд ирнэ. Туулах зам 80 км. Тосонцэнгэл сумаас Мэргэний давааны үдлэх цэг дээр буун цааш Долоон товгор Элсэн манхан Ангирт нуурын хөвөөнд орших Замбага жуулчны баазад хүрнэ. Туулах зам 80км. Замбага жуулчны баазаас Нарийны даваа, Дахтын даваа, Тээлийн гол уруудан Хар нуур жуулчны баазад ирнэ. Мөн Улаагчны голын үдлэх цэг, Гол мод, Тээлийн гол уруудан Хар нуурт ирж болно. Туулах зам 120км.

Хар нуураас Сэнжит цохио, Их, Бага Хатавчийн ам, Мухартын үдлэх цэгт очно. Туулах зам 50км

Мухартаас Сээрийн дөрөлжөөр давж, Донойн хөндий, Яруугийн хүрээг үзэн Улиастайд ирнэ. Туулах зам 110км.

Маршрут-3: Тал хээр, говийн бүс нутгийн өвөрмөц, тогтоцтой нутгаар аялах. Нийт туулах зам 350 км.

Улиастай хотоос Яруугийн хүрээ, Алагийн даваа, Ханын худаг, Их хайрхан үдлэх цэгт амарна 80км. Их хайрханаас Эрдэнэ-Хайрхан сум мухартын элсэн манхан үдлэх цэгт амарна 100км. Мухартаас Сэнжит хадны үдлэх цэг, Бургастайгаар даван Хар нуур жуулчны баазад ирнэ. 50км (Хар нуурын орчмын аяллын маршрутаар аялаж болно)

Хар нуураас Тээлийн гол, Намын давааны үдлэх цэг Дэнхэн чулуугаар дайран Улиастай хотод ирнэ 120км.

Улаанбаатар – Өвөрхангай 434км

Өвөрхангай – Баянхонгор 210км

Баянхонгор – Говь-Алтай 383км

Говь-Алтай – Ховд аймаг 402 км

Ховд – БаянӨлгий 217км

Баян-Өлгий – Улаангом 200 км

Увс – Завхан 515 км

Завхан – Архангай 547 км

Архангай – Улаанбаатар 450 км

Нийт 4000км орчим, 10 хоногийн аялал

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !