Онцлох

МОНГОЛЫН ХАМГИЙН ХОВОР, ҮНЭТЭЙ ХӨӨРӨГНИЙ ЭЗЭД – Хадгалаад аваарай

Монгол эрчүүд тэмдэглэлт баяр, ёслолоор мэнд мэдэж, хөөрөг солилцон тамхилдаг ёсон уламжлал болж үлджээ. Тэгвэл сар шинийн баяр ойртсон энэ үед эрчүүдийн гангараа болсон хөөрөгний яриа газар авч, сонирхох хүн ч олон болдог.

Эргэлт.мн сайт сар шинийн баяртай холбогдуулан Монголын хамгийн ховор, үнэтэй гэгддэг хөөрөгнүүдийг хэн хэн барьдгийг танилцуулъя.

 

МОНГОЛЫН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ХӨӨРГИЙГ “МОН-УРАН”-Ы Б.НАРАНХҮҮ БАРЬДАГ

Монголын хамгийн үнэтэй хөөрөг буюу XVI зууны үед хамаарах эртний хөөргийг “МонУран”-ы Б.Наранхүү барьдаг гэнэ. Тэрбээр уг эртний үед хамаарах хөөргөө үнэ хаялцаж, 380 сая төгрөгөөр худалдаж авсан аж. Хөөрөг сонирхогчдын хэлж байгаагаар XVI зуунд хамаарах уг хөөрөг нь одоогийн зах зээлд “МонУран”-ы Б.Наранхүүгийн худалдан авч байсан үнээс хэд дахин өндөр байна.

 

-МАНЗУШИР ХУТАГТЫН ХӨӨРӨГ ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНЭД БАЙДАГ-

Манзушир хутагтын хөөргийг Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1990-ээд оны үед худалдаж авсан гэгддэг. Тэрбээр уг хөөргөө хаа нэг сар шинийн баяр, наадмаар гаргаж, тоотой хэдэн хүнд харуулж байсан аж.

 

-АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖ МАНЛАЙ БААТАР Ж.ДАМДИНСҮРЭНГИЙН ХАРЛАГ МАНАН ХӨӨРӨГ БИЙ-

Цэргийн жанжин, манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн харлаг манан хөөргийг их аварга асашёорюү Д.Дагвадорж эзэмшдэг. Уг хөөргийг өөрийн болгохдоо нэлээдгүй хөрөнгө зарж байсан талаар эх сурвалжууд мэдээлж байжээ.

 

-ДОНДОГДУЛАМ ХАТНЫ СУВДАН ЦАГААН ХӨӨРӨГ ӨДГӨӨ МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН О.ЧУЛУУНБАТЫН ГЭРГИЙД БИЙ-

Дондогдулам хатны сувдан цагаан хөөргийг 1979 онд Гүрдаваа Ринбүүчи Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмоны ээжид “Энэ бол Монголын өмч, монгол хүн эдлэх ёстой юм шүү” хэмээн өөрийн гараар өвлүүлэн үлдээж байсан гэдэг. Тэгвэл эл хөөрөг өдгөө Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбатын гэргийд хадгалагдаж байгаа аж.

 

-ХАМГИЙН ҮНЭТЭЙ ҮЕ ДАМЖСАН ХӨӨРӨГ ХӨВСГӨЛ АЙМАГТ БАЙДАГ-

Нэгэн удаа Эрдэнэт хотод Шилдэг хөөрөгний уралдаан зарлаж, тухайн үед 100 гаруй хөөрөг оролцож байсан гэх яриа бий. Тэгвэл тус уралдаанд тэргүүлж, “Шилдгийн шилдэг хөөрөг”-өөр шалгарсан шанага долоон од хэлбэртэй, шүрэн толгойтой, давхар оюу гуулин нуухтай, зааны ясан халбагатай, их гарын чүнчигноров хөөрөг өдгөө Хөвсгөл аймагт байгаа аж. Уг хөөргийг тус аймгийн иргэн Ц.Эрдэнэдаваад хадгалагдаж байгаа бөгөөд өвөг эцгээс нь үе дамжин уламжлагдан ирсэн гэнэ.

 

-МОНГОЛЫН ХАМГИЙН ОЛОН ХӨӨРӨГНИЙ ЦУГЛУУЛГАТАЙ ДА.ГАНБОЛД-

Монгол Улсад хөөрөгний цуглуулгаараа тэргүүлдэг нь Да.Ганболд гэдэг. Тэрбээр аравдугаар ангиа төгсөхдөө ааваасаа Монголын түүхэн дэх нэр, алдартай хүмүүсийн эдэлж, хэрэглэж явсан хөөргийг өвлөснөөс хойш цуглуулгаа улам нэмэгдүүлсэн аж. Өдгөө түүний хөөрөгний цуглуулгад Монголын шилдэг 100 хөөрөгнөөс хэд хэд нь байдаг гэгддэг.

 

-УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ц.ЦЭНГЭЛ ЧИН ВАН ХАНДДОРЖИЙН ГАРТААМ, БОГД ХААНЫ ШҮРЭН ХӨӨРГӨӨР ГАНГАРДАГ-

Богд хааны хэрэглэж байсан гэгдэх шүрэн хөөрөг УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлд харьяалагддаг талаар хэвлэлээр мэдээлж байлаа. Тэгвэл чамин эдлэл, хурдан моринд “нугасгүй” УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлд мөн Чин ван Ханддоржийн гартаам хөөрөг хадгалагддаг талаар хөөрөг сонирхогчид мэдээлж байв.

 

Эх сурвалж: Ergelt.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !