Онцлох

ХЭВТЭЖ БУЙ ЭМЭГТЭЙН ДҮРТЭЙ ЭЭЖ ХАЙРХАН УУЛЫН ДОМОГ – Хадгалаад аваарай

Эрт урьдын цагт одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Бигэр сумын заагт оршдог Өлийн даваа гэдэг газарт тэнгэр газрын аль нэгтээгээс нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй бий болжээ. Түүний нүд гялбам гоо үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орноор тархжээ.

Харц ардууд төдийгүй хаад ноёд сонирхон урилга заллага явуулж гэнэ. Ингээд л энэ орчмын хамгийн том ноён Бурхан буудай болон Аж богд хаан тус тусдаа бүсгүйг залжээ. Ингээд сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ч хөл алдан хүлээж авчээ. Тэр үед Бурхан буудай оройдоо жаахан цастай байсанд гоо бүсгүй:

-Уг нь сайхан ноён байжээ. Одоо хөгширч буурал суусан байна гээд голжээ. Тэгээд Бурхан буудайг орхин Аж богдод очсон байна. Харин Аж богд:

-Тэр Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таараа гээд Хатан хайрханд очоод хүлээж бай гэж хэлээд Аж богд унтаад өгч гэнээ.

Гоо бүсгүй алинтай нь ч суухаа больё зөвхөн төрсөн нутагтаа л харцынхаа заяагаар, өөрийнхөө дураар амьдаръя гэж боджээ. Аж богд сэрээд:

– Хатан хайрхан хайчсан бэ? гэж асуув.

– Буцсан гэхэд:

– Хаа яваа газраас нь олоод ир гэж албат нартаа тушаажээ. Гоо бүсгүй жаахан амрахаар гэдэргээ харж хоёр хөлөө нугалан хэвтээд зүүрмэглэтэл хоёр хормойг нь хүнд юм дарах шиг болжээ.

Гайхан харвал Аж богдын илгээсэн албат нар ноёныхоо хүслийг биелүүлэх гэж тулманд хийсэн элс хормой дээр нь шидэж байна гэнэ. Ингээд явж чадахгүй боллоо гэдгээ мэдэн:

– Уул уултайгаа уулздаггүй харин хүн хүнтэйгээ учирдаг юм шүү. Би одоо хэнтэй ч уулзахгүйгээр ингээд л ганцаараа үүрдийн үүрд хоёр уулын хооронд сүндэрлэж байхаас өөр замгүй гэж хэлээд өндийх гэсэн боловч чадсангүй гэнэ.

Тэгэхэд нь гоо бүсгүй:

– Би даанч яав даа миний багын найз Суман хайрхан ялдам нүдээрээ харж байна. Харц харцтайгаа суудаг байж гэж сүүлчийн удаа нэмж хэлээд үзэсгэлэнт сайхан уул болон хувирсан юм санжээ. Ингэж “Ээж хайрхан уул”үүссэн домогтой юм гэнэ билээ.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !