Онцлох

УВС НУТАГ БӨХТЭЙ БОЛСОН БУЮУ БУРМАН АРСЛАНГИЙН ДОМОГ – Хадгалаад аваарай

Засагт хан аймгийн Дайчин ван Жамсрангомбодоржийн хошуунд Бурман арслан хэмээх бөх байсан тухай сонирхолтой домог, хууч яриаг та бүхэндээ дэлгэе.

Бурман арслан нь хошууны ноёны зээ байсан ба ядуу зүдүү амьдралтай, зэрвэс харсан хүнд бол мангар ч юм уу гэмээр харагддаг байжээ. Тэрээр маш их тэнхээтэй байсан бөгөөд арав гаруй насандаа үхэр малдаа явж, орой үхрээ тууж ирэхдээ нэгээс хоёр шарыг усан хулгана болтол хөлөргөчихсөн байдгийн учрыг лавлавал өдөржин үхэртэй ноцолдоод эцээж орхидог байжээ.

Арван долоогоос арван найман насандаа шар үхрийг хааш нь бол хааш нь мушгиж тавиад байдаг болжээ.

Бурман нэг удаа хүрээ орж хийдэд эхийгээ мөргүүлэхээр гэрээ үүрч, дээр нь эхийгээ суулгаж хүрээг зорьжээ. Хошуу ноён нэгэн удаа Да хүрээ орж Богдод мөргөх, даншгийн их наадам үзэхээр явахдаа бараа бологчиддоо хандаж “Та нар энэ Бурманг аваад яв. Ачаа бараа өргүүлэх, тэмээ мал маллуулахад хэрэг болж мэднэ” хэмээн хэлжээ. Залуу эр ийнхүү тэднийг дагаж яваад Да хүрээнд ирэхэд наадамчид “Их хөсөг, майхан саваа харж бай” гээд түүнийг үлдээгээд наадамд явцгаажээ.

Бурман майхандаа унтаж байтал наадамд ирсэн бөхчүүдийг шинжиж явсан шинжээч Бурмангийн майхны хаяагаар цухуйж байсан нүцгэн хөлийг нь “Пөөх энд хөлдөө барын хүчтэй хүн унтаж байна. Үүнийг барилдуул” гэжээ.

Ингээд Бурман арслан барилдаад түрүүлж даншгийн арслан цолтой нутагтаа буцсан ба түүний тэнхээ уулыг өргөчихөөр багтаж ядаж байсан юмсанж. Хавийн амьтанд ааг омгоо гаргаж нэг няслахад л нөгөө хүн нь үхдэг байжээ.

Энэ тухай “Бурман ааг омгорхож хүн алаад болохоо байлаа” гэсэн яриа хошуу нутгаар гарч Бурман арсланг алах гэж дов толгойн орой дээр тусгай гэр майхан барьж найр хийж байгаа дүр үзүүлж Бурман арслангийн хүчийг шалгана гэж найман азарганы сүүлийг дөрвөн мөчөөр нь боогоод азаргануудыг үргээтэл Бурман арслан дөрвөн мөчөө хумихад азарганууд шээс алдан зогссон гэнэ.

Хол ойрын хорон санаатнууд аманд нь гаанс зуулгаж “Тамхи тат” гэж гэнэдүүлэн азаргануудыг үргээтэл, санамсаргүй байсан хөөрхий залуу найман азарганы хүчинд автан чирэгдэн үхжээ. Азарганууд Бурман арслангийн цогцсыг Шаргын хонхорт аваачиж хаясан байв.

Дараа жил нь түүний цээжний хөндийд чоно байсныг хүмүүс олоод хүндэтгэн оршуулсан гэдэг. Тэр цагаас хойш хойт нуруунд бөхийн удам тасарч Шаргад шилжсэн гэдэг домог яриа бий. Хожим нь дотор улсаас буцаж явсан Увс нутгийн аянчин Бурман гэдэг хүч тэнхээтэй бөхөө энэ нутгийнхан хэрхэн алсан, түүний шарил хаана байгааг олж мэдээд очиж авсан ба тэр цагаас хойш Увс нутаг бөхтэй болсон гэлцдэг.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !