ГАЛУУТЫН ЦАГААН БУРАМ НЬ САРЛАГИЙН ШАР ТОС, ЗӨГИЙН БАЛЫН НАЙРЛАГАТАЙ – Хадгалаад аваарай
Монголчуудын идээ ундааны соёлыг судалж байхад “Таван тансаг идээ” гэдгээс гадна хоол хүнсний хүндэтгэл, бэлгэдлийн ангилал дотор “Таван өнгийн идээ” гэж гардаг. Манай нутгийн Ардын багш С.Дулам гуайнхаар бол Галуутын цагаан бурам нь тос тослогийн зүйл болох Шар идээнд хамаарах юм байна. Шар идээнд шар тос, цагаан тос, арвайн гурил, шар тостой цай, ээзгий, бяслаг, өрөм, зөөхий, уураг, хайлмаг зэрэг идээ ундаа багтана. Манай нутгийн зон олон сүү цагаан идээгээ эрхэмд үзэхээс гадна шар идээг тогтмол хэрэглэж орц найрлагыг нь улам баяжуулж ирсэн нь сүү цагаан идээний үйлдвэрлэл хөгжиж буйн нэгэн жишээ.
Шар идээ шингэц сайтай, ходоодны галын илчийг сэлбэж, илчийг үүсгэдэг учир хаврын хавсарга салхи, жаврыг давахад ач тустай байдаг. Монгол ардын үлгэрт “Хахсан хүнд халуун шар тос” гэж хэлээд сүүлэнд хахсан хүнд шар тос залгиулж амь аварсан, шагайн чинээ шар тос хүлхэж явсаар хөлдөж үхэлгүй амь аврагдсан тухай хүүрнэх нь их. Эл үлгэрт гарч буй үйл явдал бол хэт халуун, хэт хүйтэнд бие махбодын дулааныг зохицуулдаг шар тосны увдист чанарыг онцлон харуулсан жишээ юм.
Сүүлийн үед гаднын судлаачид гүүний айргийн шар тос болон бусад малын сүүний өрөмнөөс гаргаж авсан шар тосыг “эм” гэдгийг судлан тогтоожээ. Монголчуудын хувьд шар тос нь эрт дээр үеэс ид шидийг нь мэдээд хэрэглэж заншсан “өл даадаг, өлчир хүнс” юм. Кофендоо хүртэл хутгаж уух шинэ хэв маяг ч гарч ирэв. Шар тос нь А, Е, D, К зэрэг амин дэмээр баялаг бөгөөд дотор эрхтнүүдийг цохилт, доргилтоос хамгаалдаг ач холбогдолтой гэнэ.
Монгол ардын эмнэлэгт шар тосыг “Идээний дээд охь манлай” гэж үздэг ба сударт “Шар тосыг тогтмол хэрэглэвэл зүрхний тамирыг сайжруулж, уушгины хатангирлыг арилгаж, үс гэзгийг шимжүүлж, царайд өнгө нэмэн, нүдэнд гэрэл цацруулдаг шидтэйг дурджээ. Шар тосыг шинжлэх ухааны талаас нь судалсан олон судалгаа бий. Шар тосны найрлагад буй Омега-3, Омега-9 нь холбогч эд эс, булчингийн үйл ажиллагааг дэмжихээс гадна тархи болон ой санамжид сайнаар нөлөөлдөг аж. Бид өдөрт нэг халбага шар тос идэж хэвшвэл зөнөхөөс сэргийлж чадна. Өөх тос идэж чаддаггүй хүн өглөөдөө шагайн чинээ шар тосыг аяга халуун бүлээн усанд уусгаад уувал хэвлийн илүүдэл өөхийг хамгийн сайн хайлуулж чаддаг гэнэ.
Шар тос хэрэглэх маш олон шалтгаан бий. Шар тос бусад тосноос илүү өндөр хэмд тэсвэрлэх чадвартай учир хуушуур хайрах зэрэгт нэн тохиромжтой. Хадгалалтын хугацаа урт. Шингэц хурдан. Исэлдлийн түвшин багатай тул хөргөгчинд хийлгүй удаан хадгалж болдог. Манай нутагт хуршсан шар тосыг ардын эмчилгээнд хэрэглэхээс гадна буян номын үйлд хэрэглэдэг. Ходоодны шүүрлийг өдөөж, хоол боловсруулалтад нэн тустай. Хорыг биеэс хөөж үрэвслийг дардаг.
Харин манай Галуут суманд үйлдвэрлэж буй “Галуутын цагаан бурам”-ын орцны 80 хувьд шар тосыг хайлуулж бага зэрэг арвайн гурил, зөгийн балаар амталж бурам болгож буй нь цагаан тос адил идэхэд идүүштэй, бид бүхний ариглан хэрэглэж ирсэн уламжлалт орцтой бүтээгдэхүүн юм.
Галуутын цагаан бурмыг Цагаан сарын идээ ундаа “Чин сүзэгт номун ханы хийд” болон “Дашдоо гүний хүрээ”-нд тахил тайлгад өргөн хэрэглэдэг байжээ.
Америкийн Монгол Судлалын төвийн хамтарсан “Умард Монгол” төслийн судалгааны баг 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваартай шар тос зэрэг дэлхийн археологийн судалгаанд нэн ховор олдворыг 2019 онд нээн илрүүлсэн нь Монголчууд бидний үеэс үед хэрэглэж ирсэн өлчир хүнс бол “Шар идээ” гэдгийг баталсан.
Та бүхэн “Галуутын цагаан бурам”-ыг захиалан авахыг хүсвэл 89894588, 95715533 дугаараар холбоо бариарай.
Шар идээгээ дээдэлж, хүнсэндээ хэрэглэж, үйлдвэрээ хамтдаа хөгжүүлцгээе!
Эх сурвалж: Galuut.com