Зөвлөгөө

ГЭРИЙН ДОТОРХ ЁСОН – Хадгалаад аваарай

Халх даяар нэн эртний уламжлалаар гэрийн үүдээ өмнө зүг харуулан барих ёс заншсанаас зүг чиг хэвшсэний адил гэрийн доторхи тавилга засал тавих болон гэрийн дотоод байгуулалт, ёс, дэг журам нь эртний овог аймгуудын эрхлэн ирсэн аж ахуй, өрх гэрийн гишүүдийн хөдөлмөрийн хуваарь, хоорондын харилцаа тэдгээрийн нийгэмд эзлэх байр суурь зэргийн онцлогоос шалтгаалан үүсэн уламжлагджээ.

Энэхүү заншил ёсоор гэрийн доторхи орон зайг гал голомтоор төв хийж баруун, зүүн, хоймор, үүдэн тал хэмээн хувааж тэдгээр хэсэгт ахуйн эд бараа, хэрэглэл, тавилга байрлуулан амьдарч иржээ. Гэрийн баруун талд эд бараа, өрхийн тэргүүлэгч болон хүүхдүүдийн хувцас хунарыг хураадаг аж ахуйн хэсэг, хоймор бол дээд тал бөгөөд тэнд айл гэрийн эрхэм зүйл, бурхан тахил гэрийн эзний буу саадаг, морин хуур, хурдан морины хэрэглэл гэх зэргийг байрлуулдаг ба хоймор талыг цэвэр ариун байлган, хэн хүн хамаагүй хоймроор алхах, суух, тэр ч атугай хүүхэд багачууд ч наадахыг цээрлэдэг байжээ. Гэрийн зүүн хэсэгт гэрийн эздийн ор дэр байх бөгөөд эзэгтэйн авдар мөн байна. Орны хөлд эзэгтэйн инжинд ирсэн үхэг, түүний урьдах хатавчинд гал тогооны хэрэгсэл тавиур тавьдаг байжээ.

 

Монгол гэрийн доторхи тавил засалтай уялдан гэр дотор хүмүүсийн суух суудал, байрлал нь цөм нарийн дэг ёстой ажээ. Халхчуудын гэрт суух суудлын байрлал, байдлыг ангилан үзэхэд:

Гэрийн эзний суудал: Зүүн хоймор, орны дээд авдрын өмнө дэвссэн олбог.

Гэрийн эзэгтэйн суудал: Гал тогооны хэрэгслийн дээд тал.

Хүүхдийн суудал: Гэрийн баруун урд хэсэгт хүүхэд багачууд, голдуу бүстэй багачууд айлд орж суудаг.

Зочдын суудал: Гэрийн баруун дээд хоймор. Зочинд зориулалт бүхий олбог, ширдэг тэнд тавиастай байдаг. тэргүүлэгчээс зочин ахмад бол баруун хоймор, үе тэнгийн бол баруун талд, дүү насны бол баруун өмнө чигт сууна. Зочин эмэгтэй эзэгтэйгээс эгч бол дээд талд дүү бол доод талд суудаг ёстой ажээ.

Гэрт суух суудлын байрлалд суух тодорхой хэлбэрүүд уламжлагдан иржээ. Үүнд: Гэрийн эзний суудалд олбог, ширдэг дэвссэн байх бөгөөд өрхийн тэргүүлэгч “завилгаа” хэмээн нэрлэгддэг суудлын хэлбэрээр сууна. Хоёр өвдөг нугалан, өлмий зөрүүлж хөлийг дарж суух, мөн өлмийгөөр зөрүүлдсэн хөлийг дарахгүйгээр суудлын хэсгээр шууд ширдэгт тулан суух суудал юм. Энэ завилгаа суудлаар зөвхөн гэрийн эзэн төдийгүй өндөр настан, лам хувраг тэргүүтэн айлд зочлон зочдын суудалд суухдаа суудаг уламжлалт суудал болно.

Гэрийн эзэгтэйн суудал болон гэрийн зүүн, баруун талд суух хүмүүсийн суух суудал нь мөн заншил ёсоор тодорхой байжээ. Гэрийн баруун, зүүн талд суугчид нь “цомцойн” суух ёстой ажээ. Баруун талд суух хүн зүүн өвдгийг нугалан дарж, баруун хөлөө цомцойлгон сууна. Зүүн талд суугаа бол баруун өвдгөө нугалан зүүн хөлөө цомцойлгоно. Энэ суудлаар гэрийн эзэгтэй, эмэгтэйчүүд, төрийн хар хүн болон залуучууд суудаг заншил нийт халх даяр түгээмэл дэлгэрсэн бөгөөд үүдэн талын хөлийг цомцойлгодог учир нь тухайн айлыг “гай барцадаас хамгаалж буй” хэрэг ажээ..

 

Гэрийн эзэн, эзэгтэй болон зочид гийчдийн суудаг эдгээр суудлаас гадна гэрт суух, түр зуур суух хэд хэдэн янзын суудал байжээ.

“Хөл жийж суух” – Дэвсгэр, ширдэг дээр хоёр хөлөө шулуун жийж, цэх суух хэлбэр юм. Энэ суудлыг “амарч суух” суудал гэж нэрлэдэг бөгөөд энэ суух хэлбэрээр ихэвчлэн нялх хүүхдийг суулгадаг байв.

“Сөхрөх суудал” – Хоёр өвдгөө дотогш нь нугалан дарж суух суудал. Хошуу ноёд, түшмэд, ихэс дээдсийн өргөө гэрт болон тэдний дэргэд харц ард сөхрөн суух ёс байсан бөгөөд үүнийг хамгийн хүндэтгэл илэрхийлсэн суудал гэж үздэг байжээ.

“Сөгдөх” – Хоёр өвдгөөрөө тулан бохирч, сөхрөн суух суудлыг нэрлэнэ. Ноёд дээдсийн амар амгаланг айлтган хүндэтгэл үзүүлж “сөгдөн” ёслох хэлбэр юм.

“Явган суух” – Өвдгөө нугалан хоёр хөлийн хооронд зайтайгаар улан дээр тулгуурлан суух суудал юм. Энэ суудлыг “хагас босоо суух” “ нохой суудал” ч гэж нэрлэдэг учир ийм суудлаар орон гэрт суухыг зохисгүй хэмээн үздэг.

“Бүргэдэн суудал” – Халхын зарим нутагт явган суухыг ингэж нэрлэдэг. Бүргэдэн суудал нь явган суухтай адил боловч өвдгөөр нугалсан хоёр хөлний хооронд зайгүй, нийлүүлж суудгаараа ялгаатай юм. Энэ суудал нь түр зуур суух хэлбэр болно.

“Хөл ачих” – Эд юман дээр сандайлан сууж нэг хөлөө нөгөө хөл дээрээ тохон суухыг ийнхүү нэрлэдэг бөгөөд монгол гэрт төдийлөн зохимжгүй суудал юм.

“Сүүжилдэж суух” – Хүн биеийн аль нэг талаар хагас хажуулдан сүүж хэсгээрээ дарж, дэвсгэрт тохойлдон тулж суух хэлбэр. Сүүжилдэх нь гэрт зохисгүйд тооцогдох ба залуучууд дунд цээрлэх ёсны нэг байв.

 

Үүнтэй уялдуулан өрх гэрийн гишүүд болон гадны зочин гийчдийн гэр оронд мөрдөж уламжлагдан ирсэн зарим хорио цээрээс дурьдвал: багана түшиж богсох, хаалга алдлах, босгон дээр суух, гишгэх, түлээний араг сандайлан суух, явган сууж идэж уух, гар салаавчлан хэвтэх, хөл ачин хэвтэх, хэвтээгээр идэж уухыг цээрлэж байсан нь монголчууд орон гэрийнхээ дотор сахин баримталж ирсэн хэв заншил, ёс горим бөгөөд эдгээр нь угтаа орон гэр, гал голомтоо дээдлэх, өтгөс, ахмад настангаа болон нийгмийн гишүүд харилцан бие биенээ хүндэтгэх дэг ёсны өндөр соёлтой байсныг харуулж байна.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !