Зөвлөгөө

Д.ХАДБААТАР АВАРГЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ №1 – Хадгалаад аваарай

…Манай анги байгуулагдсаныхаа 50 жилийн ойг тэмдэглэхээр бөхийн барилдааны урилга тарааж явахад минь тэр нэг өөдгүй санаатай хүүхэн тааралдаж хэрэгт ороогүйсэн бол би энд ингэж суухгүй байсан юм даа. Чамдаа л зориулсан юм гээд түүний өгсөн архийг уучихаад насаараа гэмших 8 жилийн ял авна гэж даанч санаагүй дээ.

1986.07.23 энэ өдөр шүү дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг ёстой худлаа юм байна. Би уйлах уйлахдаа бүр зүрх сэтгэлээрээ уйлсан юм. Тэр нэг өдөр бузартай архи уусан. Тэгээд ч БНМАУ-ынхаа аварга боллоо гэж хөөрөөд хот, хөдөөгүй 13 хоног архи ууж согтуурч хөөрч явлаа. Энэ нь нэг үгээр хэлбэл хөөрөөд буух газраа ололгүй засан хүмүүжүүлэх газрын 0415 дугаар ангийн хашаанд буусан хэрэг.

Буух буухдаа чанга дэглэмтэй колонид 8 жилийн ял авчихаад хэдхэн хоногийн өмнө ард түмнийхээ өгсөн БНМАУ-ын аварга гэсэн хүндтэй цолоо ялтан хэмээх нэрээр сольчихоод сууж байгаагаа бодохоор амиа хорломоор, үхмээр санагдаж байлаа. Гэвч төрүүлсэн ижий, энэ сайхан нийгмээ бодохлоор яаж ч бололгүй өдий хүртэл хий гэснийг нь үнэн сэтгэлээсээ хийж өөрийн нүглээ наманчилж ирлээ. Тэгээд ч энд байх хугацаандаа өөрийнхөө өнгөрсөн амьдралыг эргэцүүлэн бодсоор өдий хүрлээ. Өөрийн бодож, ухаарч буй зүйлээ илэн далангүй, эрээ цээргүй бичиж сууна. Хэрэв би хүн шиг амьдраад явсансан бол энд суухгуй байж. Гэтэл яасан гэж бодно оо!

Урд өмнө шоронд ороход хөөрхий залуу юм, хүүхэд юм гэж хайрлаж өрөвдөөд шоронгоос гаргачихаар нь өөрөө өөртөө дүгнэлт хийж ухаарах юмгүй, биеэ тоож архи уух болсон. Үүн дээр миний найз нөхөд гэж хэн бэ гэдгийг…! Тэд маань архи уухаараа л найзууд! Ер нь үүрдийн найз нөхөд шиг л бодож тэднийхээ хэлсэн магтсанд нь урамшин танхайрч явсан байх юм.

Би анх 1972 онд Ардын дуу бужгийн чуулгын хөгжимчин нэг охинтой танилцаж улмаар хайр сэтгэлтэй болж, үр хүүхэд төрүүллээ. Хадбаатарынх гэдэг айл гэр бий болоод би өөрөө улсын начин цол хүртэж бөх гэгдэх болсон юм. Тэгэхэд миний найз нөхөд юу хэлсэн гэж бодно.

-Халхад хүүхэн мундсан биш очиж очиж Увсаас хүүхэн авахдаа яадаг юм бэ? гэхээр нь би гэж нэг мал нээрээ л тийм юм шиг бодож гэр орон, үр хүүхдээсээ зугатаж архины мөр хөөсөн. Ингээд л олон түмнийхээ дотор амьдралын ямар ч чиг зорилгогүй, армийн ногоон погон зүүчихээд архины нөгөө олон найзынхаа үнэнч цэрэг нь болж өөрөө өөрийгөө хуураад явж байсан байх юм. Энэ үед анхны хүү Ууганбаяраа өнчрүүлж, дараа нь Нямжав, Даваажав, охиноо нийт таван хүүхдээ өнчрүүлж хаясан хүн яаж ч өөдтэй явахав дээ!!! Энэ бүхнийг эргэцүүлэн бодохоор буруутай нь хэн бэ? Архи уу? Аль эсвэл архины найзууд уу! Үгүй ээ, хамаг буруу нь надад байсан байгаа юм.

Би л буруутай. . . !!!??? Намайг өөдтэй өнгөтэй бөх явбал алс хэт нь хэнд ч дийлдэхгуй хүчтэй бөх болох хүн гэдгийг мэдээд зарим нэг хүнээр архи өгүүлээд -Ээ дээ, цаадхаа өнөөдөр битгий барилдуул, энэ архийг аваачаад өгчих гээд над руу нэг эм сүвтэй юм явуулчихдаг, тэрэнд нь би бал үзсэн баавгай шиг хандаж байснаа бодохоор ёстой гол харлаж байна!!! Өөрт заяасан энэ сайхан бяр хүчээ зөв зарцуулан бэлтгэл сургуулиа хийгээд явж байсан бол өдийд дархан аварга цол авчихсан, тив, дэлхийн аварга болчихсон байх байснаа алдсан юм аа!!!

Өнөөдрийн байдлаар би шоронд 3 жил гаруй болж байна. Энэ хугацаанд архи огт амсахгүй өдий хүрлээ. Болдог л юм байна. Намайг үргэлж хүн дагаад байх биш дээ. Таньдаг, таньдаггүй хүнтэй гадуур зөндөө л тааралдах юм, уулзах юм. Гэвч тэр архи гэдэг идээ чинь зөндөө л тааралдах. Тэр битгий хэл зоон дотор хүртэл май уучих гээд өгөхөд нь би уудаггүй билээ. Энэ маань зөвхөн түр зуурынх уу, аль эсвэл архинаас бүр гарчихаад байгаа хэрэг үү? Би уухгүй гарсан шүү, гарсан. Намайг эндээс суллагдаад очиход нөгөө хуучин найзууд маань архи бариад угтана. Тэр үед нь уухгүй хэмээн яваад өгөхөд ёстой гайхна буй за! Энэ бол мөрөөдөл биш, би яг ингэж чадна. Би уухгүй, уух нь битгий хэл амсах ч үгүй!. . .

…Алдсан алдаагаа бодохгүй байя гэхээр болдоггүй юм байна. Бодоод байхад эрүүл саруул ухаантай, архи дарстай нөхөрлөж өөрийгөө хордуулаагүй явахдаа зорилготой байдаг. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ийм юм, тийм юм хийнэ гэсэн өөрийн төлөвлөсөн юмтай байдаг билээ. Гэтэл архи уухлаараа ухаан мэдрэлээ алдталаа согтох, маргааш нь яаж ч хамаагүй худлаа хэлэх, авсан бай шагнал, өмсөж эдэлж явсан цаг зэрэг юмсаа зарах гээд ёстой бузартай юм л гэвэл тэр байж дээ. Харин би азаар хулгай хийж сурсангүй ээ. Хэрэв дахиад архи ууж хогийн замд орох юм бол хулгай битгий хэл, хүн алахаас буцахгуй, чононы амьдралаас ч долоон дор зам руу явж байсан байж мэдэх юм. Үүнийгээ өнөөдөр ойлгож мэдсэндээ л би маш их баярлаж байна.

Шоронгийн хашаан дотроос хүн чанар, ухаарал, амьдралын утга учрыг ойлгож олж мэдсэндээ л баярлаж сууна. Арай эрт ухаарсансан бол мөн ч их зүйл бүтээх байсан юм даа, хөөрхий! Энэ бичиж буй зүйлээ өөрийнхөө амьдрал дээр нотлож өгөх нь миний гол зорилт, үүрэг юм даа!!!

 

1989 оны 3-р сар.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !