Дэлхий дахинд

МУХАР ХУЖИРТЫН ХҮЙТЭН РАШААН, ТҮҮНИЙ ДОМОГ – Хадгалаад аваарай

Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвөөс баруун урагшаа 20-иод км зайтай, далайн мандлаас 1585 метр өргөгдсөн газарт оршино. Зүүн урагшаа урссан Мухар хужирт голын баруун тал, уулын хормойн хэвгий, хажуугийн их гүнээс гарсан тул их хүйтэн. Эл хүйтэн рашаан нь таван цул, таван мэдрэхүйн эрхтний өвчнийг анагаах чадалтай, ялангуяа дотор, мэдрэл, сэтгэцийн өвчин, сахарын өвчинд гойд сайн болох нь олон зуун жилийн явцад нотлогдсоны учир МӨНХИЙН УС хэмээн өргөмжилж, шүтэн биширсээр иржээ.

Олон зууны турш рашаанчид, амрагсад жил бүр хэдэн зуугаараа ирж, өвчнөө эдгээн, биеэ эрүүлжүүлдэг байжээ. Энэ рашаан 1642 онд мэндэлсэн халх Монголын нэрд гарсан гурван хутагтын нэг, дорно дахины суут гүн ухаантан, түүхч, соён гэгээрүүлэгч Зая бандида Лувсанпэрэнлэй мэндэлсэн газраас оргилон гарсан гэдэг түүхтэй.

Мухар Хужирт нэрийн учир нь: Энэхүү газар нутаглаж байсан ядуу эмгэний охиноос хүү төрсөн тэр шөнө Далай чойнхор вангийн хошуунаас нэгэн алаг үнээ шилрэн эмгэний гадаа ирж тугалжээ. Тугал нь сүүг барсангүйд эмгэн тогоо, домбондоо хийсэн ч багтахгүй, сүү газраар урсжээ. Эмгэн үүнд их бэлэгшээж, шинээр төрсөн хүү минь яасан их заяа буянтай хүү вэ гэж баярлан, нялх биетэй охиноо тэр үнээний хагаар шөллөж байж гэнэ. Хэд хоногийн дараа эзэн үнээгээ сураглан ирж олсон боловч байдлыг хараад үнээгээ орхиод буцжээ. Үнээний эрлээ мухарласан тэр газрыг түүнээс хойш Мухар хужирт нэртэй болсон гэдээг.

Домог хүүрнэвэл: Рашаан буй Хужирт хэмээх энэ газарт ядуу эмгэн охиныхоо хамт амьдардаг байжээ. Охин нь хөл хүндтэй байсан юм гэнэ. Хаврын адаг сарын нэгэн өглөө адуундаа эртлэн мордсон нутгийн хоёр залуу эмгэний гэрийн тооноор гэрэл цацарч, солонго татахыг хараад маш их гайхав. Энэ нь эмгэний охин амаржиж байсан бөгөөд мэндэлсэн хөвгүүн бол Анхдугаар Зая бандида Лувсанпэрэнлэй гэгээнтэн байжээ гэсэн домогтой.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !