Дэлхий дахинд

ХҮДЭР ДАЯН АВАРГА ГОМБОЖАВЫН ДОМОГ – Хадгалаад аваарай

Сайшаалт Ерөөлтийн 15-р он буюу 1810 оны цагаан морин жил Монголын дорнод их тал дунд айл хэсэж амь зууж явсан нэгэн залуу бүсгүй, Санбээсийн баян айлын илүү гэрт нярайлсан гэдэг. (Энэ бол Хүдэр даян аварга ажээ).

Хүдэр 18 нас хүрч, хүн хүнээс хүдэр зузаан бие цогцос сайхантай, ажилд сүрхий эр болжээ. Гэтэл түүний унтдаг гэрийн хана нь орных нь ар талыг дагаад үдээр нь тас тас үсэрсэн байх болжээ. Үүнийг мэдсэн жасын нярав гайхаж учрыг сэм магадалбал Хүдэр хүү өглөө сэрээд суниах зуур ханын модноос татаж бүх үдээсийг тас татдаг байжээ. Хүдэр ар хөллөсөн тэргээр аргал түүдэг байжээ. Сүүл сүүлдээ нөгөө шар нь учиргүй ядарч, хөлс нь цувчихсан ирдэг болжээ. Үүний учрыг гайхаж байтал нэг өдөр шарынх нь сүүл тасархай иржээ. Учрыг асуувал “Татчихтал тасарсан юм” гэжээ. Дараа нь нэг өдөр өөр хүн түүнийг холоос сэм дагаж харвал, аргалаа түүж дуусаад шараа мултлан авч түүнтэйгээ ноцолдож гарчээ. Арван найман настай жаал хүү бүдүүн шарыг өнхрүүлэн унагааж, босмогц нь барьж авч, цээжийг нь өргөх зэргээр ноцолдож тоглосоор усан хулгана болгоод шараа хөтөлж, тэргээ түрээд буцжээ. Гэртээ нэлээд дөтөлж ирээд тэрэгтэй аргалаа шарандаа хөллөөд өөрөө хөтөлж, гэмгүй царайлан рж байсан гэдэг.

Үүнийг үзсэн хүмүүс “Энэ гайхал чинь муу ёрын амьтан гарлаа. Яах билээ?” гэлцэж, түүнийг даншиг наадамд явуулъя гэж шийджээ. Зарим нь Хүдрийг “Даншиг наадамд очоод барилдаж бөх болох эсэхээ үзэг” гэж үнэнээсээ бодож, зарим нь “Энэ задарсан банди даншигт очиж сайн бөхөд хага шидүүлж хашраг” гэж боджээ. Ийнхүү хойд жил нь арван есөн настай Хүдэр нутгийн бөхчүүдтэй цуг Долоон хошууны даншиг наадамд заорьж Дорнодын их талаас анх удаа гарчээ. Энэ жил бол 1829 оны шарагчин үхэр жил билээ.

 

Хүдэр хүү өөрийн хүч тэнхээтэй болж байгааг өдөр ирэх тусам мэдсээр, залуу бага насны ааг хүчин чадлын эрчээр ямар ч болов их наадамд түрүүлнэ байх гэж лавтайяа горьдох тул бушуухан явж хамаг олон цугларсан их наадмын талбайг үзэхсэн гэхээс тэсэж ядан явжээ. Гэтэл хамт яваа хуучин бөхчүүл огт яарах шинжгүй айл хэсэж айраг уусаар, Хэрлэнгийн усанд биеэ угаасаар, овоо чулуун дээр сан тавьсаар явах тул Хүдэр хүү тэссэнгүй нэгэн өдөр аяыг нь олж ганцаараа түрүүлэн оджээ. Гэтэл нутгаас гарч үзээгүй болохоор зам замнаж, нэгэн их модтой уулс дунд ормогц аль тохиолдсон баруун хойш чиглэх зам төдий даган явах болжээ.

Тэгсээр хөндийн өндөр уулс дунд орой нар шингэх үеэр нэгэн айлд буужээ. Гэвч тэнд хонолгүй бушуухан явмаар санагдсан тул цай уугаад зам асуужээ. “Энэ их үргэлжилсэн уулын өвөр талаар тойрдог нэгэн бүтэн хоногийн зам бий. Ар шилээр нь давдаг өөр нэг балархай жим бий. Тэр балархай жим их татуу(ойр) боловч хүн амьтан явахаа больсоор хэдэн жил болсон юм ” гэж гэрийн эзэн өгүүлжээ. Хүдэр хүү угаас баавгай үзээгүй тул баавгайн тухай лавлан асуугаад нас гүйцсэн шараас том биш гэдгийг дуулаад тайвширч, тэр сүрхий гэгддэг балархай жимээр нь явахаар морджээ.

Тэр айлынхан Хүдрийг уулын ар шил чиглэн модон дундуур явчихыг хараад их л гайхжээ. Шөнө боллоо. Нөгөө айлынхан унтацгаав. Нэг мэдэхэд хаалгыг нь нэг юм түчигнүүлэхэд сэрвэл, ямар нэг хүчтэй амьтан хаалгыг нь оролдож, түлхээд модон оньсыг нь хуга түлхэн орж ирсэнд учиргүй айцгааж “Нөгөө хүн чинь аюулт баавгайн уурыг хүргэж алуулаад, одоо тэр баавгай нь түүний мөрөөр манайд хүрээд ирлээ” гээд сандарчээ. Гэтэл тэр нь баавгай биш, Хүдэр хүү байжээ.

Энэ үүр цайсан үед болсон хэрэг бөгөөд айлынхан босож тулгын баруун талд тэрийн унасан Хүдрийг өндийлгөж үзвэл хоёр гарын нь шуу гадна талаараа юу ч үгүй урагдан зулгарч цус асгарч байжээ. Гарыг нь угааж боож өгөөд, сүү амсуулан сувилж, нар гарах үед ухаан орсон Хүдэрээс юу болсныг асуувал: “Би эндээс мордоод замын замын ойрыг бодож уулын ар шилийн замаар явсан юм. Явсаар уулын шил даваанд дөхөж очтол, харанхуй дунд морь үргээд урагш явсангүй. Тэгэхээр нь буугаад морио хөтлөн явтал урдаас бөөн хар юм хүрч ирлээ. Тэр амьтан, тэр чигээрээ надруу дайрч ирэхээр нь би хоёр гараараа хоёр чихнээс нь барьж аваад доош харж толгойгоор нь газар мөргүүллээ.

Гэтэл муухай чанга дуугарч дээшээ өндийж ирэхэд нь хичнээн хүчлэн даравч дийлсэнгүй, надтай чацуу болон босож ирэв. Би барьсан барьцаа алдалгүй байж дахин доош газар улам хүтэй мөргүүллээ. Тэр амьтан улам хүчтэй босож ирлээ. Дахиад л би дарлаа. Ингэж тэр амьтан бид хоёр ээлжлэн дээш доош бололцсоор шөнийг барж, сүүлдээ айх цуцах нийлээд юугаа ч мэдсэнгүй. Нэг мэдэхэд л тэр амьтан өндийхөө больсон шиг байлаа. Тэгэхэд нь би орхиж нааш гүйж ирсэн байх” гэжээ. Энэ яриаг сонссон гэрийнхэн “Энэ хүн лав айснаас болоод солиорч дэмий ярьж байх шиг байна. Хэрэв нөгөө аюулт баавгайтай тааралдсан юунд тэгэж барьж авч дийлэх вэ? Энэ байтугай хорь гучин хүн ч дийлэхгүй” гэлцээд өдөр болсон хойно хэдэн хүн нийлж нөгөө газар нь очжээ. Гэтэл нутаг усныхны зүрхэнд орсон нөгөө аймшигт том баавгайн толгойн арьс хошуунаасаа гэдрэг шамарч, нүдээ өнгөртөл яс мах нь гарчихсан үхсэн хэвтжээ.

Түүний толгойн дэргэд нэлээд гүнзгий нүх байх бөгөөд энэ нь Хүдэр, баавгайг хоншоороор нь газар мөргүүлсээр байгаад газрыг хонхойлж, тэр нүхэнд нь хоёр шуугаа урж гүйцсэн хэрэг байжээ. Ингээд Хүдэр тэр жилдээ барилдаж чадалгүй буцжээ. Гэвч түүний хойд жил даншиг наадамд очиж барилдсан гэдэг яриа бий.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !