Онцлох

ХАМГААЛАХ БҮС ХЭРЭГЛЭХ 7 ШАЛТГААН – Шэйрлээд аваарай

– Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент –

Суудлын хамгаалах бүс бол жолооч, зорчигчийг ослын үед гарах гэмтэл, хор уршгаас сэргийлэхэд нэн чухал үүрэгтэй хэрэгсэл юм.

Автомашины хамгаалах бүсийг зөв хэрэглэвэл урд суудалд сууж явсан хүнийг 40-50 хувиар, хойд суудалд сууж явсан хүнийг 70-75 хувиар осол гэмтэл, эрсдэлээс хамгаалдаг гэсэн судалгаа бий.

 

ХАМГААЛАХ БҮС ХЭРЭГЛЭХ 7 ШАЛТГААН

 

1. Амь насаа алдахаас сэргийлнэ

Хамгаалах бүс зам тээврийн ослын үед амиа алдах, хүнд гэмтэж бэртэх эрсдэлийг бууруулдаг. Жолооч зөвхөн өөрийн бус зорчигчдын бүсийг зүүлгэж, тэдний эрүүл мэнд, амь насыг хамгаалах хэрэгтэй.

 

2. Шидэгдэх эрсдэлээс хамгаална

Хамгаалах бүс нь тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед зорчигчийг суудалтай бэхэлж, шидэгдэх эрсдэлээс хамгаалдаг.

 

3. Бүс зүүгээгүй нэг л хүн үлдэхэд бусдыг бэртээх эрсдэлтэй

Хэрвээ урд суусан зорчигч хамгаалах бүс хэрэглэсэн ч хойно суусан хүн бүс зүүгээгүй бол ослын үед бүс зүүгээгүй зорчигчоос гадна урд суусан зорчигч амиа алдах эрсдэл найм дахин нэмэгддэг байна.

 

4. Цохилтын хүч

Хамгаалах бүсний чухал үүргүүдийн нэг бол цохилтын хүчийг зөв хуваарилахад оршдог. Гэнэт тормозлох үед хамгаалах бүс хүчийг зөв хуваарилж хүнд гэмтлээс сэргийлдэг байна.

 

5. Хамгаалах бүс ба  аюулгүйн дэр

Хамгаалах бүс зүүгээгүй үед аюулгүйн дэр ажиллах нь зорчигчийн амь насанд эрсдэл үүсгэдгийг судалгаагаар тогтоожээ.  Хамгаалах бүс зүүгээгүй үед аюулгүйн дэр задарснаар зорчигчдын 98 хувь нь тархи толгойн хүнд бэртэл авсан байна. Тиймээс сүүлийн үед автомашинуудыг хамгаалах бүс зүүсэн тохиолдолд аюулгүйн дэр задрах горимтой болгосон байна. Өөрөөр хэлбэл бүс зүүгээгүй бол аюулгүйн дэр ажиллахгүй гэсэн үг.

 

6. Даатгалын компаниуд нөхөн төлбөр олгоно

Даатгалын зарим компани аюул ослын үед хамгаалах бүс зүүгээгүй байсан тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж гэрээндээ тусгасан байдаг. Тиймээс хамгаалах бүсээ зүүснээр осолд өртсөн тохиолдолд та нөхөн төлбөр авах боломжтой юм.

 

7. Торгууль төлөхгүй

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хамгаалах бүс зүүгээгүй жолооч болон зорчигчийг 20 мянган төгрөгөөр торгодог. Та хамгаалах бүс зүүснээр торгууль төлж, санхүүгийн үргүй зарлага гаргахгүй юм.

Зам тээврийн ослын үед хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 32 хувь нь нуруу, 50-иас дээш хувь нь толгой нүүрэндээ гэмтэл авч, хамар, эрүү, эгэмний яс хугарч, дух нүүрний хэсэг зүсэгддэг байна.

 

Зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан жолооч, зорчигчийн 

– 167 нь буюу 72,3 хувь зам тээврийн осолд өртөх үедээ хамгаалах бүс хэрэглээгүй,

– 43 буюу 18,6 хувь нь хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй,

– 21 нь буюу 9,1 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн байсан үзүүлэлт гарчээ.

 

2020 онд зам тээврийн осолд өртөх үедээ жолооч тээврийн хэрэгслээр зорчигчдын

– 23,4 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн

– 72,9 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй

– 3,7 хувь нь тодорхой бус буюу зүүсэн эсэх нь тогтоогдоогүй байна.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, зорчигч хамгаалах бүс хэрэглэх, үүрэгтэй” гэж заасан байдаг.

Жолооч Та аюулгүйн дүрмээ чандлан мөрдөх нь аз жаргалтай амьдралын үндэс билээ.

Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !